Европт, ялангуяа Альпын нурууны ойролцоох Герман болон Австрийн нутгаар энэ сард их хэмжээний цас орсны улмаас 24 хүн амиа алдсан байна. Хэвлэлүүдэд бичсэнээр өнгөрсөн бямба гарагт Австрийн баруун нутагт цаначид цасан нурангид даруулснаас гурван хүн амиа алдаж, нэг хүн сураггүй болжээ.
Германд есөн настай хүү цасанд даруулан унасан модонд цохиулж амьсгал хураасан байна. Тус улсын өмнөд нутгийн Кемптен тосгонд их хэмжээний цас орж, авто зам хаагдан, нийтийн тээврийн үйлчилгээ тасалдсаны улмаас цанын 11 бааз үйл ажиллагаагаа түр зогсооход хүрчээ. Дээрх хоёр улсад унасан тунадасын хэмжээ ердийнхөөс гурав дахин их байна. Тухайлбал, Австрийн ус, цаг уурын мэргэжилтнүүд үүнийг 30-100 жилд ганц тохиох үзэгдэл гэжээ. Тиймээс мэргэжилтнүүд цасан нурангид дарагдахаас сэргийлэхийг иргэдэд анхааруулж, мягмар гаргийн орой гэхэд цасны зузаан 50 сантиметрт хүрэхийг мэдээлэв.