Монголын үндэсний томоохон баярын нэг Цагаан сар хаяанд ирж, нэг сар хүрэхгүй хугацаа үлдсэн тул иргэд бэлтгэлээ базаахаар зах, худалдааны төвүүдээр үйлчлүүлэх нь ихсэж, ачаалал нэмэгджээ. Мөн хэд хэдэн газарт үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, хөл гишгэх зайгүй бужигналдаж байна. Цагаан сарын гол бэлдэх зүйлс болох бууз, ууц, үхрийн өвчүү зэрэг хүнсний бүтээгдэхүүний үнэ ханшийг хүргэе.
БУУЗ, БАНШ
Бууз, банш үйлдвэрээсээ хамаараад кг нь 5500-6000 төгрөгийн үнэтэй байна. Мөн зарим нутгийн заншлаас хамааран хуушуур бэлддэг айл ч бий. Бууз, банш үйлдвэрлэгчид тэдэнд зориулж хуушуур ч гаргасан байна. Үнэ нь 5500 төгрөг.
Харин өөрсдөө бууз, баншаа бэлддэг иргэд хонины нэг кг махыг “Бөмбөгөр” худалдааны төвөөс 8000, “Барс”-аас 7800-8000 төгрөгөөр худалдан авах боломжтой аж. Үхрийн махыг дээрх хоёр худалдааны төвд адилхан үнээр худалдаж байсан бөгөөд ястай нь 9000, ясгүй нь 11 000 төгрөг байв. Хонины гулууз махыг “Бөмбөгөр”-т 170-200, “Барс”-т 180-210 мянган төгрөгөөр худалдаж байсан юм. Мах бөөнөөр борлуулдаг “Хүчит шонхор” захад хонины ястай мах 5000-5500, үхрийн цул мах 8200-9500 төгрөгийн үнэтэй байв. Харин бууз, банш хийх гурилын ханш 25 кг-ын савлагаатай нь 30 000-40 000 төгрөг. Тодруулбал, “Алтан тариа” компанийн дээд гурил 30 000, “Улаанбаатар” компанийнх 33 000, “Хурх”-ынх 40 000 төгрөгийн үнэтэй байна.
УУЦ, ӨВЧҮҮ
Баярын ширээний гол бүтээгдэхүүн бол хонины ууц, үхрийн өвчүү. Мах үнэд орсон энэ үед ууц, өвчүүний үнэ нэлээд нэмэгджээ. “Барс” худалдааны төвд худалдаж буй хонины ууц 200-350 мянган төгрөгийн үнэтэй. Үхрийн өвчүүг нэг кг-ыг нь 8000 төгрөгөөр борлуулж байгаа бөгөөд дундаж хэмжээтэй өвчүү 20-25 кг жин дардаг аж. Тэгэхээр үхрийн өвчүүний дундаж үнэ 160-200 мянган төгрөгт хүрэх юм байна. Тэгвэл “Бөмбөгөр” худалдааны төвд хонины ууцыг 180-210 мянган төгрөгөөр борлуулж байлаа. Мөн “Хүчит шонхор” захад худалдаж буй ууцнуудаас хамгийн жижиг нь 120-150 төгрөгийн өртөгтэй аж. Том сүүлтэй, дундаж хэмжээтэй хонины ууц 160-280 төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан юм.
ХЭВИЙН БООВ
Шинэ он гарахтай зэрэгцэн хэвийн боовны сурталчилгаа эхэлдэг. Зах, худалдааны төвүүдэд ч төрөл бүрийн хэвийн боовны амталгаат худалдаа гарчээ. Иргэдэд төдийлөн танигдаагүй, жижиг цехүүдийн үйлдвэрлэсэн ул боов нэг ширхэг нь 1400-2200 төгрөгийн үнэтэй байсан бол “Өгөөж”, “Суман гүн”, “Атар өргөө” компанийн үйлдвэрлэсэн нь 2500-3700 төгрөгийн өртөгтэй байв. Тодруулбал, “Өгөөж” компанийнх 2500, “Суман гүн”-ийх 2600, “Бамбууш”-ийн хэвийн боов орц, найрлагаасаа шалтгаалаад 2600-3700 төгрөг байсан бол “Атар өргөө” компанийн үйлдвэрлэсэн хэвийн боов зүсэлттэй нь 2700, зүсэлтгүй нь 2600 төгрөгийн үнэтэй байна. Харин тавгийн идээний суурь еэвэн 5500-13 500 төгрөгийн ханштай аж.
ЦАГААН ИДЭЭ
Хэвийн боовноос илүүтэй цагаан идээ, ааруулаар идээгээ засдаг иргэд олширсон. Тэгвэл жижиг ааруул нэг кг нь 12 000-13000 төгрөг байсан бол идээ засахад зориулж хийсэн, хэвийн ааруул 18 000-20 000 төгрөгийн үнэтэй байна. Харин Архангайн брэнд гэгддэг сүүн хуруудыг 22 000 төгрөгөөр худалдаж байлаа.