Туркийн Зэвсэгт хүчнээс Сирид явуулахаар төлөвлөж буй гурав дахь ажиллагаа тус улсын түүхэн дэх хил дамнасан хамгийн том кампанит ажил болж магадгүй гэж Засгийн газрынхаа талыг баримталдаг “Yeni safak” сонинд нийтэлсэн материалд дурджээ. Тодруулбал, Туркийн цэргийн 80 мянга орчим алба хаагч хөрш Сири улсад ээлжит ажиллагаагаа явуулахад бэлэн болсон байна. Урьд нь явуулсан “Евфратын бамбай”, “Чидун жимсний модны мөчир” ажиллагааны үеэр Анкара тийм их хүч гаргаагүй. Баттай бус мэдээгээр эхний кампанит ажилд 4-8 мянга, хоёр дахид 6500 цэрэг оролцжээ. “Киприйн энхийг дэмжих ажиллагаа” хэмээн Туркт нэрлэдэг, 1974 онд Кипр рүү Анкара буюу Туркийн эрх баригчдын хийсэн зэвсэгт халдлагын тухай ч “Yeni safak” сануулсан байна. Тус арал руу халдан довтлоход Туркийн 40 мянга орчим цэрэг оролцжээ. Тэгэхээр Сирид 80 мянган цэрэг оролцсон ажиллагаа явуулбал эл кампанит ажил Туркийн түүхэнд хамгийн томд тооцогдох юм.
Тэрчлэн болзошгүй ажиллагааны явцын тухай ч дээрх хэвлэлд өгүүлжээ. Эхний үед цэргүүд хилийн 500 км шугамын дагуу байрлаж, Сири рүү 10 км гүн нэвтэрнэ. Тийнхүү Турк өмнөд хилийнхээ ойролцоо ямар нэг халдлага гаргуулахгүй, аюулгүй байдлаа хангахын тулд 30 мянган ам км газар нутгийг террорист байгууллагуудаас юуны түрүүнд цэвэрлэх гэж буй. Хоёрдугаар шатанд Арабын Сири улс руу нэмээд 10 км гүн нэвтрэхээр төлөвлөж байгаа гэнэ.
Евфрат мөрний зүүн эрэгт курдийн “Ардын өөрийгөө хамгаалах хүчин” бүлэглэл, “Ардчилсан холбоо” намын эсрэг ажиллагааг ойрын хугацаанд эхлэхээр төлөвлөж буйгаа Туркийн Ерөнхийлөгч Режип Тайип Эрдоан өнгөрсөн сарын 12-нд мэдэгдсэн юм. Тэдгээр хүчнийг Туркийн эрх баригчид улсад нь хориотой Курдистаны ажилчны намын Сири дэх салбар хэмээн үздэг.
СҮЙРҮҮЛЭХ СҮРДҮҮЛЭГ
АНУ цэргээ гаргана хэмээн мэдэгдсэнээс хойш Сири дэх курд террористуудын эсрэг цэргийн ажиллагааг хэзээ мөдгүй эхлэхээ Анкара удаа дараа зарлаж буй. Үүний хариуд “Курдүүдэд халддаг л юм бол Туркийг эдийн засгийн хувьд бид сүйрүүлнэ” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 13-нд твиттер хуудсаараа дамжуулан илэрхийлэхдээ Сирийн курдүүдэд умард хөршөө өдөөн хатгахгүй байхыг уриалжээ. Үүний хариуд Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу “Манай улс ямар ч сүрдүүлгээс айхгүй” гэсэн байна.
АНУ-ЫН ИВЭЭЛД БАГТСАН КУРДҮҮД
Турк улс Сирид явуулсан цэргийн эхний ажиллагааныхаа явцад Алеппогоос зүүн хойш орших Эль-Баб хотыг “Исламын улс” бүлэглэлийн босогчдоос чөлөөлсөн. Хоёр дахь ажиллагааныхаа үеэр курдийн “Ардын өөрийгөө хамгаалах хүчин”-ийнхэн Африн хот, түүний эргэн тойрны газар нутгийг алдсан. Одоо гурав дахь ажиллагаа болох гэж байна.
Сирийн хилийн Манбиж хот орчмоор Туркийн Зэвсэгт хүчин давших бодолтойгоо тус улсын удирдагч Режеп Тайип Эрдоан, түүний сайд нар Африн хотыг хяналтдаа авсны дараахан буюу өнгөрсөн оны гуравдугаар сараас мэдэгдэж эхэлсэн.
Анкарагийн үзэж буйгаар Манбиж хотыг эзлэх нь Турк улсын аюулгүй байдлын ашиг сонирхолд маш чухал юм. Баруун талаас Евфрат мөрнөөс эхлээд зүүн талаас Иракийн хилийн гурван цэг хүртэлх Сири, Туркийн хилийн хэсэг “Ардчилсан Сирийн хүчнүүд” бүлэглэлүүдийн хяналтад байдаг. “Ардчилсан Сирийн хүчнүүд”-ээс хамгийн том нь курдийн “Ардын өөрийгөө хамгаалах хүчин”. Энэ нь “Ардчилсан холбоо” хэмээх зүүний чиг шугам баримталдаг курдүүдийн намын зэвсэгт жигүүр аж.
Энэ хүчнийг курд хүн амд өөртөө засах эрх олгохын төлөө тэмцдэг, Турк дэх Курдистаны ажилчны намын салбар хэмээн Анкара үздэг. Тус намыг Турк улсад ч, НАТО-гийн хэд хэдэн оронд, тэдгээрийн дотор АНУ-д террорист байгууллага хэмээдэг юм.
Улсынх нь хил дагуу курдийн тусгаар тогтносон улс бий болж магадгүй нь Туркийн засаг захиргаанд таалагддаггүй. Гэсэн ч “Ардчилсан Сирийн хүчин”-үүд АНУ-ын шууд дэмжлэгтэйгээр оршин тогтнохыг Турк улс олон сар тэвчиж ирсэн гэж хэлдэг.
ҮЙЛ ЯВЦ ЭХЭЛЖЭЭ
Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеотой өнгөрсөн оны зургадугаар сард хэлэлцээ хийсний үр дүнд Манбижаас курдийн зэвсэгт бүлэглэлүүдийг гаргахаар зөвшилцөлд хүрсэн тухай хэвлэлүүд мэдээлэх болсон. Энэ бүс нутгаас Америкийн цэргийн алба хаагчдыг гаргах асуудлыг хэдийгээр Д.Трамп хүсэж байсан ч хэлэлцээгүй аж.
Харин Саудын Арабын сэтгүүлч, сөрөг хүчний зүтгэлтэн Жамаль Хашоггийг Истанбул дахь Саудын Арабын Ерөнхий консулын газарт өнгөрсөн оны аравдугаар сард хөнөөсөн нь уг асуудлыг олон улсын тавцанд гаргахгүй байхын тулд АНУ буулт хийхийг Анкарагаас хүсэж буй тухай шинжээчдийн түвшинд олонтоо хөндөхөд хүргэсэн билээ. Эр-Рияд буюу Саудын Арабын эрх баригчид Ойрхи Дорнод дахь Вашингтоны гол холбоотнууд болон худалдааны түншүүдийн нэг юм.
Сириэс Америкийн цэргийг гаргах тухай өнгөрсөн сарын 19-нд Д.Трампын зарласан шийдвэр Анкаратай байгуулсан тохиролцооны үр дүн байхыг үгүйсгэх аргагүй. Трамп Сириэс цэргээ гаргах төлөвлөгөөгөө Р.Т.Эрдоантай хэлэлцсэн тухай М.Чавушоглу мэдэгдсэнийг “Turkiye” сонин өнгөрсөн арванхоёрдугаар сарын 16-нд уламжилсан билээ.
Цэргээ гаргаж эхлэх тухайгаа АНУ-ын Ерөнхийлөгч энэ сарын 13-нд мэдэгдсэн. 60-100 хоногийн дараа курдийн бүлэглэлүүд газраар Америкийн хамгаалалтад байхаа болино. Цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг Анкарад Вашингтон ятгаж чадах байх хэмээн найдахаас өөр арга курдүүдэд алга.
ДАМАСКИЙН ТУСЛАМЖ
“Ардчилсан Сирийн хүчин”-нийхэн Д.Трампыг хууран мэхэллээ хэмээн буруушааж байх хооронд “Чидун жимсний модны мөчир” ажиллагааны хүрээнд Африныг эзлэхэд оролцсон “Сирийн чөлөөт арми” бүлэглэл Манбиж руу
тал хүчээ илгээсэн юм. “Турк улс Сири рүү цэргээ оруулна л гэсэн бол биелүүлнэ. Цэргээ гаргах гэж буй АНУ-тай бид үйл ажиллагаагаа зохицуулна. Евфратын зүүн хэсэг рүү аль болох түргэн орох бодолтой байна” хэмээн Туркийн Гадаад хэргийн сайд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-нд мэдэгдсэн билээ.
Анкарагийн гол бай болсон Манбиж дахь “Исламын улс”-ын босогчдыг 2016 оны наймдугаар сарын эцсээр “Ардчилсан Сирийн хүчин”-ийхэн хоёр сар бүслэн хаахдаа устгасан. Харин энэ онд тус хот шинэ эздийн гарт орж магадгүй нь.
Бие бүрэлдэхүүн, зэвсгийн чанарын хувьд давуу Туркийн зэвсэгт хүчнийхэнтэй нүүр тулан үлдсэн курдүүд Башар Асадын Засгийн газраас тусламж хүссэн байна. Курдийн “Ардын өөрийгөө хамгаалах хүчин”-ий командлагч Селан Хамо Туркийн цэргийн эсрэг хамтран тэмцэхэд бэлэн гэдгээ өнгөрсөн сарын 16-нд мэдэгджээ.
Харин Дамаск Туркийн түрэмгий сүрдүүлэгтэй нүүр тулахын өмнө курдүүдтэй яриа хэлэлцээ хийхэд онцгой анхаарна хэмээн Сирийн Гадаад хэргийн сайдын туслах Айман Соусан хэлжээ.
ЦЭРЭГГҮЙ БҮС
Сириэс Америкийн цэргийг гаргаж эхлэх тухай мэдэгдэхдээ Д.Трамп Турктэй залгаа хил дагуу 32 км газрыг цэрэггүй бүс болгохыг санал болгосон. Ийм бүс байгуулах санаа АНУ-ынх биш хэмээн Туркийн Гадаад хэргийн сайд тэмдэглэжээ. “Энэ бол Сирийн асуудал анх эхэлж байхад л манай Ерөнхийлөгчийн тавьж байсан санал” гэж М.Чавушоглу өгүүлсэн байна.