Нийслэл хот удирдлагагүйгээр 2019 оныг угтлаа. Өнгөрсөн онд тамгаа хүлээлгэж өгсөн хотын даргыг одоогоор Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан гүйцэтгэж буй.
Тэгвэл хотын даргад өрсөлдөгчдийн марафон хэдийнэ бэлэн болжээ. МАН-ын УЗ одоогийн НИТХ-ийн дарга С.Амарсайханыг дэмжсэн бол үүнтэй зэрэгцээд хотын орлогч даргаар ажиллаж байсан эдүгээ Оюутолгойн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Б.Мөнхбаатар гэх эрхэм гарааны шугамд ойртож ирсэн гэдгээ мэдэгдээд авсан. Үүнээс гадна жагсаалтад НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун, СХД-ийн Засаг даргын орлогч асан Р.Дагва, НЗД-ын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нар ч багтаж байгаа сурагтай.
Нийслэлийнх нь утаа гамшгийн хэмжээнд хүрч, эмнэлгийн коридорт хүүхдүүд эвхдэг орон дээр хэвтэн эмчлүүлж байгаа өнөө үед дээгүүрээ эрх мэдэл, албан тушаалын тохироо явагдаж байна гэх яриа чих дэлсэх болсон. Өөрөөр хэлбэл, НИТХ түүхэндээ анх удаа МАН-ыг эрх барьж буй цаг хугацаанд даргаа огцрууллаа. Орны хүнийг нь гаргаж ирэх оройгүй тэмцэлд МАН-ынхан төөрч сууна. Ингэсний хүчинд хот 35 хоног “эзэнгүй” явна. Шалтгаан нь ердөө л энгийн. МАН-ынхан нэгдсэн байр суурьт хүрсэнгүй. Харин өөрийгөө бараг хотын мэр болчихсон мэт сээхэлзэж яваа эрхмээр НИТХ-ын дарга С.Амарсайхан тодорчихсон яваа сурагтай. Уг нь Нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайдаас санал болгож, НИТХ-аас томилдог. НИТХ-д ялсан нам Засаг даргаа томилдог. Гэтэл дарга нь өөрөө өндөр албан тушаалаа хотын мэрээр солихоор марафонд өөрийгөө сойж явна. Шалтгаан нь мөн л энгийн. Хотын захирагч нийслэлийн төсөв, хөрөнгө болон газар олголтын асуудлыг шийддэг. Товчоор хэлбэл, хотын яг аж ахуйг нь авч явдаг хүн гэсэн үг. Хотын нийтийн аж ахуй, дулаан, цэвэр бохир ус, дэд бүтэц, нийтийн тээвэр гээд нийслэлтэй холбоотой бүх асуудал хотын мэрийн ажил.
Тэгвэл энэ бүхэнд “шунагч” С.Амарсайхан гэгч хэн бэ? Налайхын унаган хүү, гадаадад боловсрол эзэмшиж ирсэн тэрээр дүүргээсээ НИТХ-ын төлөөлөгчөөр гурван ч удаа сонгогдсон. Гэхдээ олон нийт түүнийг "Оюуны Ундраа" группийн С.Отгонбаярын дүү гэдгээр нь илүүтэй танина. Мөн л газрын наймаачин хэмээн цоллуулдаг нэгэн. Ингээд түүнтэй нэр холбогддог газрын маргааныг сонирхуулъя.
- “Зайсан хилл” цогцолбор болон Бурхантай хөшөөний зүүн талд автомашины зогсоол байгуулсан “Собт трейд” компани “Оюуны ундраа”-гаар овоглодог, НИТХ-ын дарга С.Амарсайханых гэсэн мэдээллийг “Өнөөдөр” сонины сурвалжлах баг эрлийн явцад олж мэдсэн. Өдгөө “Зайсан хилл” цогцолбор байрлаж буй бүс болон түүний ойролцоох хэд хэдэн газар түүний гэр бүл, хамаатан садны нэр дээр байдаг гэнэ. Хамгийн багаар бодоход “Зайсан хилл” цогцолборын байрлах 4.41 га болон автомашины зогсоол байгуулсан 1.3 га газрыг ямар нэг дуудлага худалдаагүйгээр авсан гэх ярих сонсогдох болсон. Хамгийн гол нь, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн аялал жуулчлалын зориулалтаар эзэмших эрхийг ердөө 17.463.600 төгрөгөөр авсан гэх.
- 2012 оны хоёрдугаар сард мөн л Зайсан толгойн ард байрлах 1.5 га газрын нэг мкв тутмыг нь тухайн үеийн зах зээлийн үнэлгээнээс 10 дахин хямд буюу 13.200 төгрөгөөр, нийтдээ 19.8 сая төгрөгөөр дахин худалдаж авсан байдаг. Улсын тусгай хамгаалалттай бүсэд хямд үнээр худалдан авсан энэхүү газар нь маргаан дагуулсантай холбоотойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас газар эзэмших эрхийг нь цуцалсан боловч удалгүй буцаан сэргээсэн байгаа юм.
- Бага Тэнгэрийн амаас чанх хойш, Туул голын эрэгт тэмдэглэгдсэн 4 га газрыг 2006 оны дөрөвдүгээр сарын 4-нд Улсын бүртгэлийн 9011041039 дугаараар бүртгэж, “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн аялал жуулчлал, зочид буудлын чиглэлийн үйл ажиллагаа явуулах талбар хэмээн баталгаажуулсан байдаг. “Зүүнбаян рефайнери” ХХК нь үйл ажиллагаа явуулахдаа анх авсан 4 га газрын хүрээнээс хэтэрч, дур зоргоороо газрынхээ хэмжээг нэмсэн, байгаль орчны унаган төрхийг эвдэж, ноцтой зөрчил гаргасан талаар 2017 оны зургаадугаар сарын 20-нд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол А/177 тоот тушаал гаргаж дурдсан байдаг. “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн захирал С.Уламбаяр нь НИТХ-ын дарга С.Амарсайхан, УИХ-ын гишүүн асан С.Отгонбаяр нарын төрсөн ах. Тиймээс Туулын эрэг дэх барилгыг “Оюуны-Ундраа” группийн нэг бизнес гэхэд хилсдэхгүй болов уу. Өөрөөр хэлбэл, Туулын эрэгт аялал жуулчлалын бүс байгуулах нэрээр тансаг харшууд босгож, өндөр үнээр борлуулах бизнес хийж байгаа гэсэн хэл ам түүний эзэмшлийн “Оюуны-Ундраа” групптэй холбогддог.