Сар шинийн баярын бэлтгэл ид базааж буй энэ үед мэдлэгт тань нэмэр болгож монгол домог зүй судлаач доктор С.Дулам шинийн 1-ний өглөөний бэлгэдлийн талаар юу хэлснийг хүргэе. Тэрбээр ийнхүү ярилаа. “Домог зүйг сэтгэлгээний нэг хэлбэр хэмээдэг үзлийн үүднээс тайлбарлая. Нэгдүгээр сарын 1-ний юм уу, Цагаан сарын шинийн 1-ний өглөөний нар харах хүмүүс олширч буйтай холбоотойгоор уг үйл зөв, буруу, сайн, муу хэмээн маргалдах нь бий. Нэг хэсэг нь “Ямар арванхоёр жилийн нэгээр сонгогдох гэж байгаа биш, нар харах гэж зүтгээд байхдаа яах вэ дээ” гэж шоолонгуй хэлж байхад, нөгөө хэсэг нь “Жилийн эхний нарыг ач холбогдол өгч харвал тэр жилдээ өнгөтэй, өөдтэй, хийморьлог байна” гэхчлэн маргацгаах болсон. Тэгвэл шоологсод болон шоолуулагсдын аль алиных нь ухамсар бусын (unconsciousness) чанадад нэгэн адил үнэн оршиж байдаг. Монгол угсаатан аль эрт Хүннүгийн үеэс наран шүтлэгтэн байсан. Тэр үеийн өвөг сэтгэлгээ буй хийгээд арван-хоёр жилийн тоололд орох гэсэн амьтад өрсөлдөхөд тэмээ, хулгана хоёрын аль түрүүлж өглөөний нар харсан нь тооллыг эхлүүлэх мэлзээ тогтоодог домгоос хамаарсан сэтгэлгээ бидний оюунд бат бөх байр суурьтай. Тэмээ наран мандах зүүн зүгт нүд цавчилгүй харан хэвтэж байтал, хулгана түүний бөхөн дээр гарч баруун уулын оройд нарны анхны туяа шижирлэхийг хараад “Нар гарлаа, нар гарлаа” хэмээн хашхирснаар мэлзээгээ авсан тухай өгүүлдэг. Тэгвэл монгол хүний ухамсар бусын (unconsciousness) чанадад аль, аль “уг үлгэр” (archetype) нь өнөө хэр оршсоор буй хийгээд шоологсод нь хулгана, тэмээ хоёрын мэлзээт домгийг санагалзаж байгаа бол шоолуулагсад нь эртний өвөг дээдсийнхээ өглөөний наранд мөргөдөг өөр заншлаа дурсаж буй хэрэг юм. Ингэхлээр зарим онолтны нотолдог шиг домог хэмээгч нь эрт нэгэн цагт байж байгаад устаж үгүй болчихсон зүйл биш, “уг үлгэрийн” (archetype) маягаар хүний ухамсар бусын (un¬consciousness) чанадад мөнхөд оршин байдаг, үе үе илрэн гардаг зүйл билээ. Иймд хэн хэнд нь зөвтгөх учир буй тул зөв буруу, сайн муу хэмээн мэтгэлцэх нь учир утга муутай, бие биеэ хүлээн зөвшөөрөх хүлцэмжийн (tolerance) асуудал л гэсэн үг. Тэгэхээр тухайн гэр бүл алийг зөв гэж бодно, тэр заншлаараа сайн, сайхныг хүсэмжлэн зан үйлээ үйлдэх нь сэтгэлийн амар амгалан хийгээд үйлс бүтээлд тустай. Айл хотлоороо урган гарч буй шинэ ондоо жарган, сэргэн аж төрөх болтугай” хэмээсэн юм.