Монголын хөрөнгийн биржийн Үнэт цаасны үнийн индекс тооцох тухай журмын дагуу Топ-20 индексийн багцыг энэ онд бүрдүүлэх үнэт цааснуудыг нэрлэж, сагсыг нь шинэчилжээ. Өнгөрсөн оны үзүүлэлтээр өмнөх сагсанд багтаж байсан 11 компанийг хэвээр үлдээсэн байна. Харин “Баянгол зочид буудал”, “Шивээ-Овоо”, “Ариг гал”, “Адуунчулуун”, “Монголын цахилгаан холбоо”, “Шарын гол”, “Хөх ган”, “Материалимпекс”, “Улсын их дэлгүүр” компанийг хасжээ.
Тэгвэл шинээр “Хай би ойл”, “Женко тур бюро”, “Жинст-Увс”, “Айтүүлс”, “ЛэндМН ББСБ”, “Монгол базальт”, “Хөвсгөл алтан дуулга”, “Мандал даатгал”, “Ард даатгал” гэсэн есөн компанийг нэмж сагсыг шинэчилсэн байна. Тус индексийг шинэчилсэн сагсны дагуу өнөөдрөөс тооцож эхлэх нь.
Ташрамд дурдахад, Монголын хөрөнгийн биржид өнгөрсөн жил шинээр бүртгүүлж, олон нийтээс 6.4 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн “Монгол базальт” компани дээрх хөрөнгийн 56 хувь буюу 3.6 тэрбумыг нь (2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар) үнэт цаасны танилцуулгад тусгасны дагуу зарцуулснаа тайлагнав.
Тодруулбал, чулуун хөвөнгийн үйлдвэрээ өргөтгөх, шүршдэг базальт технологийн үйлдвэрийг автоматжуулах, механик цехээ шинэчлэх, машин механизм, түүхий эдийн нөөц бэлтгэх зэрэгт зарцуулжээ.