ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарынхны хэлж буйгаар өдгөө манай долоон аймгийн 31 сумын төв цэвдэг дээр байрлаж байгаа гэнэ. Он цаг улирахын хэрээр тэдгээр сумын төвд орших барилга, байгууламжид цэвдгийн сөрөг нөлөө их, бага хэмжээгээр илэрсээр байгааг судлаачид онцоллоо.
Ховд аймгийн Алтай сумын хуучин төвийн ихэнх инженерийн байгууламж цэвдгийн нөлөөгөөр сууж, хагаран, гажиж, үүсэж, хүн байх нөхцөлгүй болсон учир хэдхэн жилийн өмнө сумын төвийг өөр газар руу нүүлгэсэн. Мөн Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгоны захиргааны болон сургуулийн хичээлийн байр, Завханы Отгон сумын цэцэрлэг, эмнэлэг, ХААН банкны барилга цуурч, ашиглах боломжгүй болсныг судлаачид 2016 онд тогтоосон.
Цэвдэгт бага багаар “идүүлсээр” ашиглалтаас гарах барилгын жагсаалт Завхан аймгийн Нөмрөг сумын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байраар үргэлжлэв. Тодруулбал, хоёр давхар байрны доор цэвдгийн аяган хэлбэрийн гэсэлт үүсжээ.
Цэвдэг энэ байдлаараа эрчимтэй гэссээр байвал сургуулийн барилга мөдхөн ашиглалтаас гарах нь. Мэргэжилтнүүд оны өмнөхөн геофизикийн хэмжилт хийн, анхан шатны дүгнэлт гаргасан бол одоо цэвдгийн гэсэлтийг зогсоох боломжтой, эсэхийг лавшруулан судалж байгаа аж. Ташрамд дуулгахад, дэлхийн 48 улсад цэвдэг ямар нэг хэмжээгээр тархсан бөгөөд манай улс тархалтаараа эхний тавд ордог гэнэ.