Мексиктэй залгаа АНУ-ын хил дагуу хана босгохыг тус улсын иргэдийн дийлэнх нь эсэргүүцэж буйг CNN телевизийн захиалгаар судалгааны SSRS албанаас явуулсан санал асуулгын дүн харуулжээ. Судалгаанд оролцогчдын 56 хувь нь хана босгох шаардлагагүй гэж үзсэн байна.
Харин 39 хувь нь дэмжиж, таван хувь нь хариулахаас татгалзжээ. Өнгөрсөн оны нэгдүгээр сард явуулсан санал асуулгад оролцогчдын 35 хувь нь хана барихыг дэмжиж, 62 хувь нь эсэргүүцсэн аж.
Энэ удаагийн санал асуулгад оролцогчдын 55 хувь нь АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа гурван долоо хоног гаруй хугацаагаар зогссоны хариуцлагыг Ерөнхийлөгч Дональд Трамп хүлээх ёстой хэмээн мэдэгдсэн бол 32 хувь нь Конгресс дахь ардчилсан намынхан буруутай гэв. Харин есөн хувь нь Америкийн Төрийн тэргүүн болон Ардчилсан намын аль аль нь буруутай гэж мэдэгджээ.