Энэ оныг “Ухаалаг эрчим хүч”-ний жил болгосонтой холбогдуулан салбарын сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нар өчигдөр мэдээлэл хийлээ. Тус салбарын хэмжээнд технологийн шинэчлэл хийн, ухаалаг, дэвшилт бүтээгдэхүүн нутагшуулах шаардлагатай болсон аж.
Ингэснээр болзошгүй осол гэмтлээс сэргийлж, дулаан болон эрчим хүч үйлдвэрлэдэг нүсэр төхөөрөмжүүдийн эвдрэл, элэгдлийг урьдчилан мэдэх боломж бүрдэх гэнэ. Үүнд хэдий хэр хөрөнгө зарцуулахыг одоогоор хэлэх боломжгүй бөгөөд үйлдвэр тус бүрт хийх шинэчлэлийн төлөвлөгөө, төсвийг боловсруулж байгаа аж. Мөн чадварлаг инженер, программист, техникийн ажилтнуудыг бэлтгэхэд анхаарч буй гэлээ.
Түүнчлэн эрчим хүчний салбар ашиггүй ажилласан хэвээр буюу өнгөрсөн онд 20 тэрбум төгрөгийн алдагдал хүлээснийг онцлов. Үүнд сүүлийн гурван жил эрчим хүчний үнэ нэмээгүй, импортын цахилгааны хэрэглээ буураагүй зэрэг нь нөлөөлсөн байна.
Ирэх 1-2 жилд шинээр усан цахилгаан станц хоёрыг ашиглалтад оруулах, 10 000 ширхэг нарны зайн хураагуурыг өрхийн хэрэглээнд нэвтрүүлэх, эрчим хүчний болон дулааны үйлдвэрүүдийн чадлыг өсгөх, томоохон уурхайнуудыг дотоодод үйлдвэрлэсэн цахилгаанаар бүрэн хангах зэрэг ажлыг хийснээр алдагдлыг бууруулах боломжтойг Ц.Даваасүрэн онцоллоо.