Олны танил хүмүүстэй спортын тухай хөөрөлддөг “Зөвхөн спортын тухай” буландаа загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг урилаа.
-Та багадаа спортод хэр хорхойтой байв. Ямар спортоор хичээллэдэг байсан бэ?
-Багадаа олон төрлийн спорт сонирхож хичээллэсэн. Байлдааны самбо, сагсан бөмбөг, жүдогоор хичээллэдэг байлаа. Овоо дориун өндөр болсон минь сагсан бөмбөг их тоглодог байсантай холбоотой ч байж мэдэх юм.
-Одоо ямар спортоор, хэчнээн жил хичээллэж буй вэ?
-Фитнесээр хичээллэж байгаа. Гэхдээ ажил ихтэйгээс болоод бэлтгэлээ тогтмол хийж амжихгүй л байна.
-Хичээллэдэг спортын тань ямар онцлог танд таалагддаг вэ?
-2010 оноос би загвар өмсөж эхэлсэн. Энэ үеэс биеэ чийрэгжүүлэх, галбираа хадгалах үүднээс фитнесээр хичээллэсэн. Харин 2015 оноос тамирчин болохоор зорьж, өнгөрсөн оны гуравдугаар сард анхны тэмцээндээ оролцсон. Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн.
-Спорт хүнд ямар эeрэг өөрчлөлт, зав дадал суулгадаг гэж боддог вэ. Биe хүн болж төлөвшихөд тань спорт хэрхэн нөлөөлөв?
-Бодибилдинг, фитнесийн том давуу тал нь гэртээ ч, дасгалын танхимд ч, ер нь хаана ч өөрийгөө хянахад сургадаг. Өдөр тутамд хоолны дэглэм барьж, гам алдаж болохгүй учраас өөрөө өөртэйгөө тэмцэж, ялж сурна. Нэг үгээр, маш нягт, тууштай байхыг тамирчнаас шаарддаг сахилга баттай спортын төрөл. Зорилго тавьж түүнийхээ төлөө хичээдэг, зүтгэдэг учраас спорт хүнд олон сайхан чанар төлөвшүүлдэг.
-Тэмцээнийг нь зурагтаар юм уу, очиж үзэх дуртай спорт бий юү?
-Сагсан бөмбөгөөр хичээллэдэг байсан болохоор Монголын лигийн тэмцээнүүдийг очиж үзэхийг хичээдэг. Очоод орчинд нь үзэх илүү сонирхолтой шүү дээ. Бодибилдинг, фитнесийн тэмцээн жилд хоёр юм уу, гуравхан удаа болдог болохоор аль болох алдалгүй үзэхийг хичээдэг байсан. Одоо өөрөө оролцдог болчихлоо.
-Ямар спортын аль багийн шүтэн бишрэгч вэ. Яагаад?
-Дэмждэг тамирчин олон бий. Жишээлбэл, сагсан бөмбөгч Леброн Жеймс. Мөн фитнесийн тамирчин Садик Хадсовик гэж тамирчин бий. Тэр хүний биеэ авч явж буй байдал их таалагддаг. Бичлэгүүдийг нь үзэж үлгэр жишээ авдаг.
-Спортынхноос дотно нөхөрлөдөг тамирчин бий юү?
-Дотно нөхөрлөдөг тамирчид бий шүү. Э.Золбоо, Т.Батнасан зэрэг бодибилдингийн тамирчинтай ойр нөхөрлөдөг. Намайг энэ спорт руу уруу татсан хүмүүс.
-Долоо хоногийн болоод өдрийн хэдэн цагийг спортын танхимд өнгөрүүлдэг вэ?
-Энгийн үед өдөр бүр бэлтгэл хийдэг. Амралтын өдөр гэж байхгүй. Тэмцээн дөхөхөөр өдөрт хоёр удаа бэлтгэл хийнэ. Формоо хадгалахын тулд бэлтгэлээ таслахгүй байх ёстой. Тогтмол бэлтгэл хийж, өөрийгөө дайчлах нь амжилтын үндэс гэж боддог.
-Загвар өмсөгч хүнд гадаад үзэмждээ анхаарч, биeийн галбираа хадгалахад спорт хамгийн чухал байх. Эрүүл мэнддээ анхаарч, биeэ чийрэгжүүлэх үүднээс өдөр тутамд ямар дасгал хийдэг вэ?
-Хөнгөн дасгалууд бий. Гар дээрээ суниаж, суулт хийж болно. Гэртээ турник тавиад дасгалууд хийж болно. Өдөрт багадаа 15 удаа гар дээрээ суниаж, 15 удаа суултын дасгал хийхэд хөдөлгөөний дутагдлаас сэргийлнэ. Болж өгвөл гүйх хэрэгтэй. Гүйх үед биеийн бүх булчин ажилладаг. Тиймээс дасгал хийдэг, гүйдэг хүн хөшиж, хөгширнө гэж байхгүй.