“Хьюстон рокитс” багийн довтлогч Ж.Харден өнгөрсөн бямба гарагт болсон “Кливлэнд кавальерс”-ийн эсрэг тоглолтын гуравдугаар үе дуусахаас нэг минут, 22 секундийн өмнө 43 оноо, самбараас 10 удаа бөмбөг авч, 12 оновчтой дамжуулалт өгөөд байлаа. Ингэснээр “Сахалт” нь 30 минутын дотор (тодруулбал 29.34 минутад) 40 оноотой трипл-дабл хийсэн NBA-ийн түүхэн дэх анхны тоглогч болсон тухай “Elias Sports Bureau” мэдээллээ.
Зөвхөн энэ тоглолтод төдийгүй багийнхаа сүүлийн арав гаруй тоглолтод Ж.Харден үнэхээр сайн тоглож буй. Тухайлбал, тэрбээр энэ улиралд дөрвөн удаа 40 оноотой трипл-дабл хийсэн бол лигийн бусад тоглогчоос ганц Б.Бийл л ийм амжилтад хүрээд байна. Мөн сүүлчийн зургаан тоглолтынхоо гуравт нь трипл-дабл хийв. Түүний амжилт үүгээр хязгаарлагдахгүй. Ж.Харден 12 тоглолт дараалан гурван онооны шидэлтээ багадаа таван удаа оновчтой болгосноор С.Көрригийн өмнөх дээд амжилтыг (долоон тоглолт) эвдсэн. Үүнээс гадна 15 тоглолт дараалан 30-аас дээш оноо авч, К.Абдул-Жаббар, Э.Бэйлор, К.Брайант, У.Чэмберлэн нартай зэрэгцэв.
Түүний хувьд 30 оноо ч багадаж байна. Ж.Харден таван тоглолт дараалж 40 оноо авсан
нь лигийн сүүлийн 50 жилийн түүхэнд гуравт орох үзүүлэлт. Дээр дурдсан онооныхоо ачаар сүүлийн 15 тоглолтод дунджаар 40.5 оноо авсан. Тэгвэл NBA, ABA нэгдсэнээс хойш ийм олон тоглолтод дунджаар 40 оноо авсан түүнээс гадна ганц тоглогч бий нь К.Брайант юм. Хамгийн гол нь Ж.Хардены хувийн амжилтыг дагаад “Хьюстон рокитс” сүүлийн 15 тоглолтынхоо 12-т нь ялаад байна. Ингэснээр тэд “Өрнөд” бүсийн зургадугаар байрт бичигдэх болов.
40 ОНООТОЙ ТРИПЛ-ДАБЛЫН ЭЗЭД
Тоглогч Тоглолт
О.Робертсон 22
Ж.Харден 12
Р.Уэстбрук 11
У.Чэмберлен 7
Л.Жэймс 6