Эрчим хүчний үнэ хямд, хүйтэн цаг агаартайгаас нь шалтгаалж Японы биткойн (цахим мөнгө) олборлогчид Монголыг сонирхож байгаа учраас тус улс криптовалютын шинэ төв болох уу хэмээн арлын орны мэдээллийн хэрэгслүүдээс эш татан coingape.com цахим хуудсанд тэмдэглэжээ. Тухайлбал, Японы, криптовалютын “Ginco” компани Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буйгаа зарласныг “Nikkei Asian review” сонин мэдээлэв. Худалдаа хөгжлийн банктай хамтран ажиллаж буй “Ginco” нь “Gin¬co Mongol” гэх компани байгуулсан аж. Тус компанийн гүйцэтгэх захирал Юүма Фүрүбаяаши “Бизнесийн орчин “хатуу” байна. Гэвч бид одоо ч ашиг олж чадаж байгаа” хэмээн өгүүлжээ. Тус компани Улаанбаатарт хоёр газарт төхөөрөмжүүдээ байршуулжээ. Одоогоор тэдгээр нь 600 байгаа бол энэ улиралд багтаан 1000-д хүргэхийг төлөвлөж буй гэнэ. Олборлох төхөөрөмж маш их халдаг учраас хүйтэн цаг агаартай газар тохиромжтой байдаг аж. Ташрамд дурдахад, дэлхийн зах зээлд 1300 орчим криптовалют бий. Тэдний хамгийн анхны бас алдартай нь биткойн (“цахим алт” гэх нь ч бий) юм. 2017 оны эцэст нэг биткойн 19 000 ам.долларт хүрсэн нь “оргил” нь болж байсан бол өнгөрсөн жилийн сүүлээр дээрх дүн 4000 “ногоон”-д хүрчээ. Иймээс компаниуд үйл ажиллагаагаа зогсоохоос аргагүйд хүрч буй мэдээлэл бий.
Биткойны тоо хязгаартай агаад (21 сая ширхэг) алт шиг олборлож болдог. Биткойн нь нэг төрлийн цахим мөнгө бөгөөд гарт баригдахгүй, нүдэнд харагдахгүй. Түүх сөхвөл, Сатоши Накамото гэх хүн 2009 онд биткойны алгоритм, кодыг бичин, блокчэйн сүлжээг ашиглалтад оруулсан гэнэ. Түүнийг ашиглан дэлхийн хаанаас ч маш богино хугацаанд, шимтгэл багатайгаар мөнгө шилжүүлж болдог байна. Нөгөөтээгүүр, мөнгө шилжүүлэхэд банкны хаяг, нэр шаардлагагүй аж. Биткойныг хэнээс хэнд шилжүүлж буйг мэдэх боломжгүй байдаг. Биткойныг олборлоход ихээхэн эрчим хүч шаардлагатай болдог бөгөөд Япон, БНХАУ-тай харьцуулахад Монголд цахилгааны үнэ хямд тул арлын орны олборлогчдын хувьд криптовалютын шинэ төв болох уу хэмээн дээрх цахим хуудсанд дурдсан биз ээ. Түүнийг олборлох боломжийг блокчэйн технологи олгодог байна.
Сонирхуулахад, Өмнөд Солонгосын, блокчэйн технологийн “Terra” компани Монгол Улсад үйл ажиллагаа явуулах болсныг “Forbes” уламжлав. Тус компанийн хамтран үүсгэн байгуулагч Даниел Шин “Монголын Засгийн газар, холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байгаа. Санхүүгийн үйлчилгээнд шинэчлэл хийхээр төлөвлөж байна” гэжээ. Тэд эхний ээлжинд Налайхын иргэдэд үйлчилгээ үзүүлэх нь. Тодруулбал, төрийн мэдээлэл хүргэх болон төлбөрийн үйлчилгээг хялбаршуулах бололтой. Даниел Шин нь Өмнөд Солонгосын, 1.7 тэрбум ам.доллароор үнэлэгдэж буй, цахим худалдааны “Ticket¬Monster” фирмийн үүсгэн байгуулагч аж. Монгол Улсад финтек (санхүү, технологийн нийлбэр гэж ойлгож болох бөгөөд үүнийг хөгжүүлэх нь санхүүгийн үйлчилгээг илүү хялбаршуулж, зардал бууруулах зэрэг нөлөөтэй) хөгжиж байгаа ч хангалттай биш гэдгийг дээрх мэдээллийг дамжуулсан хэрэгслүүдэд тэмдэглэсэн байв.