АНУ-ын Засгийн газрын ажил өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-ноос хойш зарим талаар зогссон (“шатдаун” хэмээн нэрлэж буй) бөгөөд үргэлжилсэн хугацаа нь өмнөх урвуу дээд амжилтыг эвдэж, тус улсын түүхэнд тэмдэглэгдлээ. Тодруулбал, төсөв нь батлагдаагүйн улмаас тус улсын зарим яамны үйл ажиллагаа “шатдаун” болоод өнгөрөгч бямба гарагт шилжих шөнөөс 22 дахь хоног эхэлжээ.
Үүнээс өмнө ийм урвуу дээд амжилтыг Ерөнхийлөгч Билл Клинтоны үед буюу 1995 оны арванхоёрдугаар сараас 1996 оны нэгдүгээр сарын хооронд 21 хоногоор тогтоосон байна. Тэр үед Бүгд найрамдах намаас эрүүл мэнд, боловсрол, байгаль орчныг хамгаалах хөтөлбөрийн санхүүжилтийг багасгахыг санал болгосноос Засгийн газрынх нь үйл ажиллагаа ийм олон хоног саатаж байв.
Энэ удаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тэргүүтэй бүгд найрамдах намынхан Мексиктэй залгаа хил дээр хаалт босгохоор төлөвлөсөн нь Сайд нарынх нь танхимын үйл ажиллагаанд тээг болсон юм. Цагаан ордон үүнд 5.7 тэрбум долларын санхүүжилт шаардаж байгаа бөгөөд ийм зардал гаргахыг огт зөвшөөрөхгүй гэдгээ ардчилсан намынхан мэдэгдэж байна.
Ийм байдал хэвээр үргэлжилбэл АНУ-ын зээлжих эрхийн чансааг одоо байгаа хамгийн өндөр буюу ААА зэрэглэлийг бууруулахаа олон улсын “Fitch” агентлаг анхаарууллаа. Төсвийн хямрал удаан үргэлжилбэл эдийн засагт нь сөргөөр нөлөөлөхийг Америкийн Төвбанкны тэргүүн Жером Пауэлл мэдэгдсэн билээ.
Үүний сацуу өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Вашингтон олон улсын тавцан дахь хамгийн нөлөө бүхий тоглогчийн статусаа алдсан бөгөөд үүнийг сэргээх их хэцүү болсныг НАТО дахь АНУ-ын байнгын төлөөлөгч асан, одоо Чикагогийн олон улсын зөвлөлийн тэргүүн Иво Даалдер CNN телевизэд ярилцлага өгөхдөө хэлсэн байна.