УИХ-ын чуулган үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хэлсэн үгийг хүргэж байна.
"Ард түмний эрх аваад төр удирдаж байгаа бидний хувьд инээдтэй хэсэг хугацаа өнгөрч байна. ЖДҮ-чид, 60 тэрбум, хайцаалагч 27, хонгилынхон, МАНАН бүлэглэл, шахаачид, мафижсан төр л гэнэ. Энэ бүхэн бүр утгаа алдлаа. Өнөөдөр бие биенийхээ дээр гарах гэж үзэж байгаа мэт боловч маргааш харахад инээдэм, эмгэнэл шүү. Сонгогчид чинь нүүрээ хийх газаргүй болж байна.
Энд хүний муу үзэх гэсэн асуудал алга. Зарчмын хоёр асуудал л байгаа юм. Л.Болд гэж нөхөр байна. Юу ч гэмээр юм бэ дээ, өвчтэй ч юм уу. Микрофон харахаараа шударга үнэний туйл боловч микрофоны цаана нь жинхэнэ болох, болохгүй шударга бусыг хийдэг. Монгол Улсад Голомт банк байна, бас Богд банк байна. Мөн ард түмний хүүхдүүдийн өмч байх ёстой паркийн газрыг идсэн хүн шүү дээ.
Цуст тэмцэлд уриалж байгаа хүмүүсийн нэг нь Ж.Мөнхбат ч гэх шиг. Ард нь цэрэг хүчнийхэн байгаа гэж байна. Ингэж сэрүүн зүүдлэж болох уу.
Би гудамжаар явж байгаа сул гишүүн шүү дээ. Тэр цэрэг цагдаа, тагнуул чинь Засгийн газрын мэдэлд байдаг юм. Н.Номтойбаяр бид хоёр хувьдаа армитай юм байна л даа. Удахгүй танктай болоод ОХУ, Хятадтай дайтах юм байна л даа. Л.Болд гишүүн ийм л юм ярьж байна.
Жилийн өмнө бидэн дээр ирээд л ах нар нь сайд болмоор байна гэж гуйгаад л сайд болсон. Одоо энэ хүмүүст Их хурлын даргын сураг гарчээ. Дараагийн үнэгэн шогшоонд орчихлоо. Та нар болио, ах нар аа. Та нарын хөл сайвар жороо болж, нуруу чинь хугарсан байна. Намын даргыг хатгаж ийм байдалд оруулсан хүмүүс бол ах нар шүү. Нэг нь өнөөдөр сайд болох гээд үнэгэн шогшоогоор давхиж явна. Тэтгэвэрт гарсан хүмүүсээ тэтгэвэрт нь суулгаад асуудлаа цаашаа шийдээд явъя" гэлээ.