Шведийн Линчепингийн их сургуулийн мэргэжилтнүүдийн мэдээлснээр, бууцай буюу шпинать хэмээх ургамлын ашиг тусыг хүртэхийн тулд зөв боловсруулж идэх нь чухал. Эс бөгөөс хайран зүйлийг яйран болгож хаях гэнэ. Өөрөөр хэлбэл, яаж идвэл бууцайны ашиг шимийг бүрэн хүртэх вэ гэдэг талаар зөвлөгөө өгчээ.
Ногоон навчит эл ургамлыг чанах, жигнэх зэргээр халуун боловсруулалт хийх нь антиоксидант чанарыг нь “хийсгэнэ” гэсэн үг. Тиймээс бүлээн усаар угааж, цэвэрлээд идэх нь илүү үр дүнтэй. Ингэхдээ тараг, сүүтэй хамт хэрэглэвэл сайн гэнэ.
Учир нь сүүний хүчил бууцайн дахь каротиноид, лютеин зэрэг ашигт бодисын үйлчилгээг нэмэгдүүлдэг байна. Лютеин нь зүрхний шигдээсийн эрсдлийг бууруулж, хараа муудах, нүдний торлог гэмтэхээс урьдчилан сэргийлэхэд чухал аж. Швед судлаачид “Бид бууцайг түүхийгээр нь идэхийг зөвлөж байна. Тослог ихтэй сүү, сүүн бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэвэл илүү үр дүнтэй. Энэ төрлийн коктейлийг өглөө, оройдоо хэрэглээрэй” гэжээ.