Москвад суугаа Японы Элчин сайд Тоёхиса Козүкийг ОХУ-ын ГХЯ-нд лхагва гарагт дууджээ. Курилийн өмнөд хэсэг Японы нутаг дэвсгэрийн харьяалалд шилжих асуудлаар тэдгээр арлын оршин суугчидтай харилцан ойлголцолд хүрэхийг уриалсан мэдэгдлийг тус улсын эрх баригчид хийсний дараа тийнхүү дуудсан аж. 1956 оны хамтарсан тунхгийг үндэслэн хэлэлцээний үйл явцаа түргэтгэх тухай хоёр орны удирдагчдын тохиролцооны утга учрыг Токио бүдүүлгээр гажуудууллаа хэмээн Москва үзжээ. Оросын ГХЯ ийн мэдэгдсэн нь энэ сарын эцсээр товлосон, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын хэлэлцээний өмнө Японы Засгийн газраас өрнүүлж буй мэдээллийн дайралтад өгсөн хариу аж.
Ш.Абэ энэ сард маш олон удаа “Орос улс”, “арал” гэдэг үгийг хэлжээ. Тухайлбал, телевизэд ярилцлага өгөхдөө, Токиод улс төр, нийгмийн дээд хүрээнийн төлөөлөгчдийн өмнө үг хэлэхдээ, сонгогчидтойгоо уулзахдаа, хамгийн сүүлд Хонсю арал дахь Нагато хотод удмын оршуулгын газарт ёслол үйлдэхээр очихдоо ийм үгс олонтоо хэрэглэсэн байна. Цагтаа алдартай улстөрч, Гадаад хэргийн сайд байсан эцгийнхээ шарилд Шинзо Абэ эхнэр, ээжийн хамт очиж, Оростой Найрамдлын гэрээг ойрын хугацаанд байгуулахын төлөө бүх хүчээ дайчлахаа тангарагласнаа дагалдан явсан сэтгүүлчдэд мэдэгджээ.
В.Путин, Ш.Абэ нар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Сингапурт уулзахдаа 1956 оны Хамтарсан тунхгийг үндэслэн найрамдлын гэрээ байгуулах хэлэлцээг идэвхжүүлэхээр тохиролцсон. Уг баримт бичигт дайны байдлаа зогсоож, дипломат болон Консулын харилцаагаа сэргээхээр заасан аж. Тунхаг бичгийн есдүгээр зүйлд Найрамдлын гэрээ байгуулсны дараа Бага Курилийн эзгүй арлуудыг Зөвлөлтийн Засгийн газар Японд шилжүүлэх өгөхийг зөвшөөрсөн байдаг. Ийм тохиролцоонд хүрснийг 1956 оны арванхоёрдугаар сарын 8-ны хоёр улсын парламент баталжээ.
Харин 1960 онд Япон, Америкийн аюулгүй байдлын тухай гэрээ байгуулсны хариуд ЗХУ арлуудыг шилжүүлэн өгөх үүргээ цуцалсан байна. Нутаг дэвсгэрээс нь гадаадын цэрэг бүрэн гарсан нөхцөлд л тэдгээр арлыг Японд шилжүүлэх тухай 1960 оны нэгдүгээр сарын 27-ны Зөвлөлтийн Засгийн газрын санамж бичигт дурдсан байдаг.