УИХ-ын дарга М.Энхболд Үндэсний аюулгүй зөвлөлийн хурал руу явж байхдаа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Сүхбаатарын талбай дээр жагсаж байгаа иргэд, тэдгээрийн төлөөлөл, УИХ-ын зарим гишүүн надтай уулзах хүсэлт тавьсан. Үүний дагуу тэдэнтэй уулзаж санал бодлыг нь сонссон. Тэд арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн жагсаалын үеэр шаардсан зүйлээ дахин шаардсан. УИХ-ын даргыг огцруулах асуудал бол хуулийн дагуу явагдах ёстой. Тийм учир би шаардлагынх нь хариуг хүлээж аваагүй. Өчигдөр би Төрийн байгуулалтын байнгын хороон дээр ч, хэвлэл мэдээллийн байгууллагаар ч удаа дараа мэдээлэл хийсэн. Ерөнхийлөгч УИХ-ын даргыг огцруулах тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар шинэ заалт санаачилж байгаа. Үүнийг нь УИХ-ын хуралдааны дэгийн дагуу чуулганаар хэлэлцүүлнэ. Хуулийн төслийг дэмжиж байгаагаа ч мэдэгдсэн” гэлээ.
Мөн “Орж ирсэн хүмүүс нэлээд бухимдалтай байна. Гадаа жагсаж байгаа иргэдийн амьдрал ч сайнгүй байгааг би сайн ойлгож байгаа. Харин өнөөдөр тулгарч буй эдийн засгийн хүндрэлийг УИХ, Засгийн газар үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байж шийдвэрлэнэ. Одоогоор чуулган нийт есөн удаа хойшилсон. Иймд иргэдийг бухимдуулж байгаа эдгээр асуудлыг төр засгийн байгууллагууд аль аль нь анхааралдаа авч, шийдвэрлэх ёстой. УИХ-ын үйл ажиллагааг цаашид хэвийн явуулах тал дээр гишүүд анхаарал тавиасай хэмээн хүсэж байна” гэлээ.