УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон УИХ-ын дарга, Төв талбайд жагссан УИХ-ын гишүүдийн уулзалт хэрхэн өрнөсөн талаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын Тамгын газар бол захиргааны байгууллага. Тэр уулзалтад би хамт байсан. Тэр уулзалтын үеэр юу болсон тухай бодит мэдээллийг дуулгах үүднээс энэхүү мэдээллийг хийж байна. Өнөөдөр 14.30 минутад Т.Аюурсайхан над руу ярьсан. Бид жагсагчдын төлөөллийн хамт УИХ-ын даргатай уулзая гэдэг саналаа хэлсэн. Т.Аюурсайхан гишүүн надтай тав, Л.Оюун-Эрдэнэ гишүүн хоёр удаа холбогдсон. Ингээд тус уулзалтад нийт есөн хүн ирсэн. Уулзалтаас гарч ирээд тэд ямар мэдэгдэл хийснийг мэдэхгүй байна. Тэд өөрсдийн бичсэн үндэслэл бүхий нэг нүүр хуудас шаардлага тавьсан. Тус үндэслэлүүд нь өөрийн албан ёсны хариуг бичгээр өгч, мөн ирсэн хүмүүстэй ярилцах гэж УИХ-ын дарга тус уулзалтад оролцсон. УИХ-ын даргын тайлбарыг тэд сонсоогүй. УИХ-ын даргын гардуулсан албан ёсны хариу бол 30 хуудас биш 3 хуудас тайлбар байсан юм. УИХ-ын гишүүдтэй хамт ирсэн хүмүүс уулзалтын үеэр УИХ-ын дарга руу дайрсан. Энэ үед Төрийн тусгай хамгаалалтын ажилтнууд үүнийг таслан зогсоосон. Тэдэнд ямар хариуцлага тооцох эсэхийг би мэдэхгүй байна. Ямар ч байсан баривчлах, саатуулах ажиллагаа явуулаагүй.