Henley Passport Index байгууллага бусад оронд визгүй зорчих эрхтэй эсвэл виз мэдүүлэх боломж нь хялбар дөхөм байдаг гадаад паспортуудын чансааг гаргажээ. Уг чансааг Японы паспорт тэргүүлжээ. Тус орны паспорттой байхад 190 оронд чөлөөтэй аялах эрхтэй болдог байна.
Тэгвэл хоёрдугаар байрт Сингапур, БНСУ (Хоёулаа 189), гуравт Франц, Герман (188), дөрөвт Дани, Финланд, Итали, Швед (187), тавд Люксембург, Испани (186) оржээ. Харин Их Британи, АНУ өнгөрсөн оны амжилтаасаа ухарсан үзүүлэлттэй гарч, Австри, Нидерланд, Норвег, Португал, Швейцарь улсуудын хамтаар зургадугаарт бичигдлээ.
Тэгвэл хамгийн хүртээмжгүй паспортоор Афганистан, Ирак улсынх тодорсон. Тэдгээр улсын паспортаар ердөө 30 оронд л визгүй зорчдог байна. Харин БНАСАУ-ынх 42 оронд зорчих боломж олгож нь энэ жагсаалтын гол сюрприз байлаа. Тэгвэл эзэшигчдээ 61 оронд визгүй зорчих эрх эсвэл виз мэдүүлэх хялбар боломж олгодог үзүүлэлтээрээ Монгол улсын гадаад паспорт чансааны 79-рт эрэмбэлэгдэв.
Тус чансааны ерөнхий дүнгээс харахад Азийн хөгжингүй орнууд, Европын улсууд хамгийн өндөр эрэмбэтэй байгаа бол Африк тив болон Ойрхи Дорнодын орнуудын үзүүлэлт хамгийн доогуур байна.