Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон гэр бүлийнхэнтэйгээ хамт байгаа зургийг Засгийн газрын албан ёсны веб сайтад байрлуулжээ. Гэтэл Ерөнхий сайдын арын албаныхан том алдаа гаргасныг нэгэн иргэн олж илрүүлсэн байна. Скотт Моррисон тус зургийг даруулахдаа хэт хуучирч муудсан пүүзтэй байсан тул ажилтнууд Ерөнхий сайдынхаа гутлыг засварлахдаа хэт бүдүүлэг, хэт мэдэгдэхээр байдлаар өөрчилсөн нь өдгөө Австрали улсын хэмжээнд гол сэдэв болоод байна.
Тус залуу албаны зурган дээрх Засгийн газрын гишүүдэд Моррисоных шиг цасан цагаан өнгийн пүүз өмсүүлэн засварлаж Twitter хуудсандаа shoegate гэсэн хэштегтэйгээр нийтэлсэн. Тэгвэл түүний флэшмоб гэрлийн хурдаар түгэн дэлгэрч, олон австрали иргэн Засгийн газрын гишүүдийн зургийг цасан цагаан өнгийн пүүзтэй болгож засварлаж байна. Тухайлбал, нэгэн иргэн пүүз толгойдоо өмссөн байдлаар Ерөнхий сайдаа дүрсэлж “Хуурамч гуталны Ерөнхий сайд” хэмээн нэрлэжээ.
Ажилтнуудынх нь хийсэн бүдүүлэг алдаа ийнхүү том асуудал үүсгэсэн тул Моррисон жинхэнэ пүүзнийхээ зургийг нийтэлсэн байна.
Ингэхдээ “Миний гутлыг цэвэрлээд өг гэсэн үүрэг даалгаврыг би өгөөгүй. Хэрэв та фотошопыг заавал хэрэглэх шаардлагатай байгаа бол хөлөндөө бус толгой дээрх үсэндээ анхаарсан нь дээр шүү” хэмээн жиргэв. Тэгвэл Ерөнхий сайдын энэхүү уриалга ч гэсэн флэшмоб болон өргөжлөө. Түүний гутлын зураг, постыг таалснаа илэрхийлэн олон зуун австрали иргэн хуучин ч гэлээ өмсөх дуртай гутлынхаа зургуудыг ээлж дараалан нийтэлж эхэллээ.