УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, энэ сарын 4-нд Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Уг төсөл нь гишүүдийн олонх санал гаргавал УИХ-ын даргыг огцруулах асуудлыг парламентаар хэлэлцэх зохицуулалтыг хуульд оруулах, өөрөөр хэлбэл, М.Энхболдыг огцруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилготой юм.
Төслийн танилцуулгад “Хуулийг баталснаар УИХ-ын үйл ажиллагаа гацаанаас гарах, хүлээгдэж буй нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэх, хууль дээдлэх ёс бэхжих зэрэг эерэг үр дагавар бий болно” гэснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж, танилцуулсан. Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, санал хэлснийг товчлон хүргэе.
Ж.Мөнхбат (УИХ-ын гишүүн): -Монгол Улс Үндсэн хуульдаа парламентын засаглалтай улс орон гэж заасан. Улс төрд үүсээд буй асуудалтай холбогдуулан Ерөнхийлөгч энэ төслийг оруулж ирлээ гэж ойлгож байгаа. Парламентад дандаа нэг нам олонх байхгүй. Цаашид парламентыг бүрдүүлэх намуудын хүчний харьцаа өөрчлөгдөнө.
Энэ хууль батлагдаад явлаа гэхэд дараа дараагийн парламентын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх бол. Үндсэн хуульд нийцэж байгаа юу?
З.Энхболд (Eрөнхийлөгчийн Tамгын газрын дарга): -Үндсэн хуультай бүрэн нийцэж байгаа. Парламентын үйл ажиллагаа ингэж гацаагүй байсан бол Ерөнхийлөгч энэ хуулийг санаачлахгүй байсан.
Ж.Батзандан (УИХ-ын гишүүн): -Энэ төсөл бол өнөөдрийн гажуудлыг засах ганц арга нь юм. Төрийн гацаа ганц жилд гэнэт үүсчихсэн юм биш. Сүүлийн 27 жилийн гажуудлын нөлөөгөөр бий болсон. Харин үүнийг зарим гишүүн ойлгож, УИХ-ыг тараах тухай асуудлыг хөндөж байна. Монгол төрийн гацаа, гажуудлыг дурдвал олон бий.
Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл эмчилгээний нэг хэлбэр байж магадгүй. Гэхдээ төсөл батлагдсан ч асуудал цэгцэрч, бүх зүйл сайхан болно гэж бодохгүй байна. Ингэж элэг доог болж, төрийн ажлыг гацааж сууснаас УИХ тарсан нь дээр. Эрх баригч намын гишүүд УИХ-ыг тараах гарын үсгээ зурцгаа. Харин УИХ тарахаасаа өмнө “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, Цагаан суварга, бусад ордыг ард түмэнд авч өгөх хэрэгтэй шүү.
Д.Эрдэнэбат (УИХ-ын гишүүн): -Төрийн эрх барих дээд байгууллага, УИХ-ын гишүүд сэтгэл хөдлөлөөр асуудалд хандаж болохгүй. Бүхнийг хуулийн дагуу хийх ёстой. Хууль зөрчиж, хашхирсан нь баатар болж, хуулиа сахиж, өргөсөн тангаргаа биелүүлж суусан нь буруутан болдог байж болохгүй.
Үндсэн хуулиар заасан парламентын засаглалтай орон л юм бол дархлааг нь хадгалж үлдэх хэрэгтэй. Ингэхийн тулд энэ УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль зарлахаас өөр гарцгүй. Эрх мэдлийн төлөө олон нийтийг талцуулах эрх хэнд ч байхгүй. Хуралдаа суухгүй байгаа гишүүдэд зориулсан хуулийн төслийг давхар оруулж ирээч.
Л.Оюун-Эрдэнэ (УИХ-ын гишүүн): -Парламентын дархлаа гэж ярьчихаад, УИХ-ын даргыг огцруулъя гэхээр УИХ тар гэдэг нь шударга ёс уу. Д.Эрдэнэбат та барьцаалагдсан байна. ҮАБЗ-ийн гишүүд уулзаж, нэг тохиолдлоос болж ийм хууль батлахад хүргэхгүйгээр, саналаараа ажлаа өг гэж УИХ-ын дарга М.Энхболдод хэлсэн үү?
З.Энхболд (Eрөнхийлөгчийн Tамгын газрын дарга): -Ерөнхийлөгч УИХ-ын даргатай уулзаж, ярилцаж байгаа. Болохгүй болоод л энэ төслийг өргөн барьсан байх.
Ж.Мөнхбат (УИХ-ын гишүүн): -Төрд байгаа хүмүүс түр зуурынх. Харин төрийн босго өндөр, дархлаа сайн байх ёстой. Төрийн дархлаа, амин чанар руу ингэж гар дүрэхийн оронд бүгдээрээ явцгаая. Бидний оронд илүү ёс зүйтэй, боловсролтой, асуудлаа шийдээд явдаг хүмүүс ирэг. Хуулийг батлахдаа ядаж нийт гишүүний гуравны хоёроор УИХ-ын даргыг огцруулдаг байхаар тусгаарай. Хэн ч энэ албан тушаалд мөнх байхгүй. Янз бүрийн нөхцөл байдалд, дараа дараагийн УИХ-ын дарга нар ажиллана. Тэднийгээ ингэж огцруулаад байж болохгүй.
М.Энхболд (УИХ-ын дарга): -Сүүлийн үед над руу илт дайрч байгаа. Бүр гэр бүл рүү маань хүртэл орж байна. Төрийн ажил хуулийн хүрээнд явах ёстой гэж би хувьдаа боддог. Одоо яригдаж байгаа асуудлын үнэн, худал нь тогтоогдож, олон нийтэд бодитой мэдээллийг өгөх цаг нь ирэх байх. Идүүлсэн бут ургадаг гэж үг бий. УИХ-ын 40 гишүүн намайг огцрохыг шаардаж гарын үсэг зурсан албан бичгээ өгсөн. Би хууль зүйн үндэслэлтэй, эсэхийг нягталж өгөөч гэж Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Тус байнгын хороо “УИХ-ын даргыг огцруулдаг таван үндэслэлд нийцэхгүй байна. Хуульд нийцэхгүй учраас хэлэлцэхгүй” гэсэн.
Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа хэн нэг албан тушаалтнаас хараат бус, хэвийн явах ёстой гэж би боддог. Гэвч сүүлийн үед бүх хууль хяналтын байгууллагыг нэгэн хүн удирдаж байгаа мэтээр ор үндэслэлгүй ярих боллоо. Надад аль нэг хуулийн байгууллагын даргыг санал болгож, томилуулсан удаа байхгүй. Уул уурхайн салбарын талаар хөндөж ярилаа. Би УИХ-д ДНБ-ий таваас дээш хувийн орлогыг олж болох 49 орд газрыг стратегийн орд болгоё гэсэн саналаа 2007 онд оруулж байсан.
Харамсалтай нь, тухайн үед УИХ-ын дарга байсан Ц.Нямдорж 15 ордыг нь баталж, бусдыг нь стратегийн орд болгохгүй гэсэн. Тэр дунд одоо яригдаж буй Асгатын орд ч байсан. “Эрдэнэт үйлдвэр”-ийн асуудлаар би ажлын хэсэг хоёр удаа байгуулж байлаа. Хотын газар гэж ярилаа. Би газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу л ажлаа хийсэн. Намайг ажиллаж байх үед хотын өнгө үзэмж сайжирсан гэж боддог. Одоо жагсаал цуглаан зохион байгуулаад яваа Л.Болд гишүүн хүртэл “Бодь” цамхгийнхаа газрыг намайг ажиллаж байх үед авсан. Хэдэн төгрөгөөр худалдаж авсан юм бэ. Газар зарсан асуудал надад байхгүй. УИХ-ын даргын хувьд дарж, хойшлуулаад, хэлэлцүүлэхгүй удаасан асуудал байхгүй. Хуулийн дагуу ажиллаж байгаа. Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг би дэмжиж байгаа.
Г.Занданшатар (УИХ-ын гишүүн): -Энэ бол өмнө нь хэрэглэж байсан хууль юм билээ. Ингэж шийдэхгүй бол ард нийтийн санал асуулга явуулах, нийтийн эмх замбараагүй байдал руу орно гэв.
Байнгын хорооны хуралд оролцсон гишүүд 100 хувийн саналаар уг төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжив.