Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болоод цахим сүлжээнээс “Махны үнэ тэнгэрт хадлаа. Хятадууд махыг өндөр үнээр авснаас болж махны үнэ буурахгүй байна. Монгол Улсын аймаг бүрт хятадууд махны үйлдвэр барьжээ” гэх мэдээлэл тархах болсон. Ард иргэдийн тэгэж бодох нь ч аргагүй юм. Учир нь нийслэлийн томоохон хүнсний зах, худалдааны төвүүдэд махны үнэ нэг кг нь 12-13 мянга болтлоо өслөө. 2-3-хан жилийн өмнө өвлийнхөө идшийг бэлтгэдэг мөнгөөр өнөөдөр ганц өвчүү л авч байгаа болохоор арга байж уу. Уг нь мал тооллогын урьдчилсан дүнгээр 2018 оны жилийн эцэст манай улсын мал сүргийн нийт дүн 66 сая 463.7 мянган толгойд хүрч, 2017 оныхоос 0.4 хувь буюу 244.7 мянгаар өссөн дүн гарсан. Гэхдээ манай улсад дотоодынхоо хэрэгцээг хангаад зогсохгүй эскпортлох нөөц ч бий. Учир нь мал нь хүнээсээ 22 дахин их. Энэ бол яг өнөөдрийн нөхцөл байдлын хувьд эмгэнэлтэй дүр зураг. Өөрөөр хэлбэл, инфляцийг хөөрөгдөх, ард түмний халаасыг хоослоход хамгийн их нэмэр болдог хүнс бол мах. Ялангуяа махны хэрэгцээ хамгийн их байдаг цагаан сар гээч баярын үед шүү дээ. Төр засгаас махны үнийг хөөрөгдөхгүй байх олон арга замуудыг хэрэглээд ч төдийлөн сайн үр дүнд хүрдэггүй ээ.
Энэ тал дээр салбарынхан “Дотоодын зах зээлд махны нийлүүлэлт багасч, үнэ нэмэгдсэн нь хэд хэдэн хүчин зүйлээс хамааралтай. Үүнд улирлын хамаарал, ханшийн савлагаа, шатахууны үнэ, цаашлаад мал, мах бэлтгэлийн тогтолцоо сул, махны нөөц бүрдүүлэх арга хэмжээний санхүүжилтийн эх үүсвэр, цаг хугацааны хувьд оновчгүй зэргийг дурдаж болох бөгөөд махны экспорт голлон нөлөөлөөгүй гэж үзэж байна” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл махны үнийн хөөрөгдөлд “хэн буруутай” вэ гэсэн асуулт урган гарч ирж байна. Үүний гол буруутан нь олон хүний гар дамждаг тогтолцоо юм.
Монгол малын махыг өвчтэй гээд гадныхан авах сонирхолтой багатай байдаг ч энэ жил Хятадад гахайн өвчин гарсны улмаас Хятад руу малын мах гаргах сонирхолтой хэсэг иргэд бий болсон. Үүнийг нь ченжүүд овжин ашиглаж малчдаас хямд төсөр үнээр авч, Хятадуудад өндөр үнээр зуучилж байна. Худалдаачид ч махны үнийн хөөрөгдлийг Хятад иргэд их хэмжээгээр мах худалдаж авч байгаатай холбоотой гэж үзэж байлаа. Мөн тэд экспортын ямар ч зохицуулалтгүйгээр дураараа хил гаргаж дамлаж байгаатай холбоотойг дуулгалаа.
Монгол Улс энэ тогтолцооноос л салахгүй бол махны үнэ тогтворжихгүй гэдэг нь нэгэнт тодорхой гэдэгтэй бид хэдийнэ санал нийлдэг. Үүнийг шийдвэрлэх нэг гарц нь Хөдөө аж ахуйн бирж байсан. Зөвхөн махны үнээр ч тогтохгүй малын гаралтай түүхий эдийн үнийг тогтворжуулах зорилготойгоор Хөдөө аж ахуйн биржийг 2011 онд байгуулсан. Уг нь бирж байгуулагдсанаар малчид махаа ченжийн гар дамжуулахгүйгээр, шууд борлуулах боломж бүрдэнэ хэмээн тайлбарлаж байсан. Гэвч малчид хөдөө аж ахуйн биржээр дамжуулан махаа борлуулах боломж өнөөг хүртэл хангалттай бүрдээгүй аж.
Тиймээс түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэхэд малчдыг хоршоо хэлбэрт шилжүүлж, дотоодын үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах, менежментийг нь сайжруулж, Хөдөө аж ахуйн биржээр дамжуулж арилжаа хийдэг байх нь зүйтэй гэж үзэн, 2019 онд жишиг хоршоо байгуулах чиглэлд ажиллахаар болсноо ХХААХҮЯ мэдэгдсэн. Харин энэ болтол малчин, иргэдийн хоорондох шат дамжлагыг хүссэн хүсээгүй ченжүүд л орлосоор байх юм байна даа.
МАНАЙ УЛСАД МАХ БЭЛТГЭЛИЙН НЭГДСЭН ТОГТОЛЦОО АЛГА
Үүнээс гадна бидэнд мах бэлтгэлийн нэгдсэн тогтолцоо гэж алга. Үндэсний статистикийн газраас явуулсан мал тооллогын дүнгээс харахад Монгол Улс 2013 онд 45,1 сая, 2014 онд 51,9 сая, 2015 онд 55,9 сая, 2016 онд 61,5 сая, 2017 онд 66,2 сая мал тоолуулж, мал сүргийн тоо жил тутамд дунджаар 5 саяар өсчээ. Мал сүргийн тоо сүүлийн таван жилд тасралтгүй өссөн нь нэг талаар эерэг мэдээ боловч бэлчээрийн даац хэтрэх, сүргийн бүтэц алдагдах, малын аливаа өвчин болон байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдэх, нэгж малаас авах ашиг шим буурах, өвс, тэжээлийн нөөц хүрэлцэхгүй байх, малчдын амьжиргаа муудах, улмаар мал аж ахуйн салбарын эдийн засгийн эргэлтийг сааруулах зэрэг сөрөг тал, эрсдэлийг дагуулж байгаа юм.
2018 оны жилийн эцэст манай улсын мал сүргийн нийт дүн 66 сая 463.7 мянган толгойд хүрч, өмнөх оныхоос 244.7 мянгаар өсөж, өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад өсөлтийн хувь хэмжээ буурсан нь малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, дотоодын хэрэгцээнээс давсан махаа нэмүү өртөг шингээн экспортолсны үр дүнд малын тоог тогтвортой хадгалж чадсан үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, малын тоо биш чанарт анхаарах ёстой гэж олон жил ярьсан асуудал биеллээ олж буй илрэл гэж тайлбарлаж болохоор байна. Нөгөөтэйгүүр нийт сүргийн 86,6 хувийг эзэлж буй бог малын мах бэлтгэлд хязгаарлалт тогтоохгүйгээр үхэр, адууны мах бэлтгэхэд квот тогтоож байгаа нь сүргийн бүтцийг харгалзан үзэж байгаа хэрэг юм. Манай улс хүн амын дотоодын хэрэгцээнд жилд дунджаар 10-12 сая толгой мал хэрэглэдэг. Бид дотоодын махны хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй цаашид жил бүр 9 сая толгой мал буюу 180 гаруй мянган тонн мах экспортлох нөөц бий ч тийм боломж нь алга. Улсын хэмжээнд мал төхөөрөх 52 үйлдвэр, мах боловсруулах 110 үйлдвэр байгаагаас 103 үйлдвэр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа ч мал төхөөрөх үйлдвэрүүд суурилагдсан хүчин чадлын 10-20 хувийг ашиглаж байгааг албаныхан онцолж байлаа. Энэ нь мал, мах бэлтгэлийн нэгдсэн тогтолцоо бүрдээгүй, үйлдвэрүүдийн техник, тоног төхөөрөмж хуучирсан, эргэлтийн хөрөнгө дутагдаж байгаа зэрэгтэй холбоотой. Тиймээс бидэнд мөн түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэх эрчимжсэн бодлого дутагдаж байгаа дүр зураг харагдаж байна.