Энэ бол хүү, “Хүрэн” хоёрын түүх. Эл түүх өнгөрсөн зууны 20-иод онд өрнөх аж. Адуу мал багширч, ажил ундарч, найр цэнгээн хавтгайрсан халх нутгийн нэгэн баян айлын хотонд үйл явдал эхэлнэ. Найр хавтгайрах зуур хадан хавцал ихтэй, өндөр уулын тагд ургасан вансэмбэрүү цэцгийг авхаар Чулуун хүү биеэ сураар ороон “Хүрэн” мориныхоо хүзүүнээс уяад хясаа руу бууна.
“Энэ цэцэг үргэлж хосоороо ургадаг юм гэнэ лээ. Вансэмбэрүү харсан хүн мөнх насалдаг юм” гэж нутгийн буурлуудын ярихыг сонсоод өвчтэй ээждээ уг цэцгийг харуулах гэж буй нь энэ ажээ. Хүү цэцгээ өвөртлөөд “Хүрэн”-тэйгээ давхисаар найр болж буй том цагаан гэрийн хаяагаар өнгөрч, навсгар бор гэртээ ирэв. Ээж нь өвчтэй, ядруу байгаа нь илт. Маргааш үдэш ээж нь хүүгийнхээ хүзүүнд жижиг ууттай сахиус амжиж зүүж өгөөд өөд болов. Чулуун хүүд одоо “Хүрэн”-гээс нь өөр хань үлдсэнгүй. Энэ сарын 5-наас үзэгчдэд хүргэсэн “Хийморь” уран сайхны киноны үйл явдал ийн эхлэх аж.
Төрийн шагналт, зохиолч Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэсэн эл бүтээлийг “Three flames”, “Номадиа”, “Бэлгүтэй” пикчерс хамтран бүтээж, УДЭТ-ын жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэг найруулжээ. Зохиолч Ч.Лхамсүрэн эл бүтээлдээ эх нутгаа тэмцэн гүйдэг шандас сайт монгол адууны тухай үе үеийн аман ярианаас сэдэвлэн уран үгээр, утга төгөлдөр, яруу сайхан бичсэн байдаг.
Кинонд ч бидний мэдэх амьдрал, ахуй байдал дэлгэцэд дурайтал тодорно. Бүтээлд өгүүлж буй үйл явдал хурц өрнөлтөй учир үзэгчдийн сонирхлыг угаас татна. Хүрэн морь яаж зовж зүдэрч эзэндээ ирсэн хийгээд “Хүрэн”-гээ санан бэтгэрч гашуудан суугаа өнчин хүү, нутгийн хүмүүсийн харилцаа, харийн хүний сэтгэл зэргийг найруулагч маш сонирхолтойгоор харуулжээ.
Чулуун хүүгийн Хомхой сэтгэлт бадарчинд “Хүрэн”-гээ алдан шаналж буй хэсэг, Гонгор ноёны Чулуун хүүд хандах хал гаднаа ч хайр нь дотроо сэтгэл, шаварт бүх биеэрээ шигдэж зөвхөн толгой нь ил гаран амь тэмцэн буй хүрэн морины үзэгдлийг энд нэрлэж болно. Мөн майханд адуу наймаалцаж буй болон нутгийн халамцсан эр айл хэсэн архи эргүүлж яваа хэсэг, ачааны галт тэргэнд адууачиж буй, “Хүрэн”-д унаганы зуулт үнэрлүүлж байгаа дүрслэлийг ч дурдах нь зүйтэй.
Гол дүр болох Чулуун хүүд Э.Ариунболд, дүрүүдэд Ардын жүжигчин П.Цэрэндагва, П.Мэндбаяр, жүжигчин Н.Ялалт, УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд, Г.Алтангэрэл, Э.Тодгэрэл нар тоглосон нь “нүдээ олсон” шийдэл байв. УДЭТ-ын жүжигчин Э.Тодгэрэлийн бүтээсэн хомхой сэтгэлт, арга заль ихтэй бадарчны дүр бусдаас тод ялгарсныг дурдъя.
2015 онд “Аав” уран сайхны киног анхлан найруулж “Академи авардс” шагнал гардуулах ёслолын шилдгээр тодорсон Г.Эрдэнэбилэг өнгөрсөн хугацаанд “Үргээлэг-2”, “Яллагч” киног үзэгчдэд хүргэсэн. Тэрбээр шинэ бүтээлийнхээ тухай “Кино зохиолоо 2016 онд бичин, 2017-2018 онд зургаа авсан. Эл найраглалаас сэдэвлэн кино хийх тухай бодож эхлэхдээ л баг, хамт олноо бүрдүүлэх нарийн төлөвлөгөө гаргасан. Тиймээс ч ОХУ, БНХАУ, АНУ, Казахстан, Украин, Киргиз, Малайз зэрэг олон орны уран бүтээлчидтэй хамтарлаа. “Хийморь” кинонд OXУ-ын Гавьяат жүжигчин Василий Мищенко, Казахстан Улсын Ардын жүжигчин Айдос Бектемир, Гавьяат жүжигчин Нурлан Алимжанов, Акниет Беласарова зэрэг мундаг уран бүтээлч тоглосон.
Монгол хүнийг морьгүйгээр төсөөлшгүй. Гэвч уламжлал ёсоо мэддэг залуус ховорболжээ. Түүнчлэн хүн адгуус амьтнаас долоон дор болчихож гэсэн санааг өгүүлэхийг хичээсэн. Мөн атгахан шорооноос эх орон эхэлдэг гэдгийг ойлгуулахыг эрмэлзсэн” хэмээлээ.
Киноны үйл явдал, зөрчил, өрнөлийг дуу хөгжим улам тодруулж, үзэгчдийг автуулдаг. Тус киноны хөгжмийг Б.Одбаяр бичжээ. Түүний зохиосон хөгжим, хуурын аяс кинонд гайхалтай зохицож байсныг хэлье. Киноны зураг авах ажлыг Б.Баатар хариуцжээ. Хангай нутгийн наран мандах, жаргах үеийн гайхам өнгө, гэрэл, сүүдрийн хослол зэрэг нь зураглаачийн уран чадварыг тод харуулав. Шандаст “Хүрэн”-ий эрчтэй довтолгож буй, Казах нутгийн цасан оройт сүрлэг уулс, салхинд бэдэртэх нуурын мандал, өтгөн манант Орос нутгийн хөвч ой зэргийг уран зураг шиг л харуулсан. Түүнчлэн киноны зураачаар Г.Алтаншагай ажилласан байна.
Тэрбээр 1920-иод оны аж байдал, хөдөөний ядуу өрхийн навсархай оромж, тарчиг амьдрал, баяны хот, монгол ахуйг тод, чадварлаг дүрсэлжээ. Пост продакшн буюу өнгө шүүлт, дууны найруулгыг дэлхийн жишигт нийцүүлж, АНУ-д гүйцэтгэсэн гэнэ. Энэ нь тус киног олон улсын наадамд “сойх”-оор төлөвлөсөнтэй нь холбоотой аж. Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, найруулагч Г.Золжаргал “Залуу найруулагч алдарт зохиол зориглон барьж авчээ. Бахадмаар, гэвч эрсдэлтэй алхам. Нэгд, энэ найраглалыг хүн бүр мэднэ. Хоёрт, бараг үндэсний “сонгодог” болсон бүтээлийг сайжруулсан уу, дордуулсан уу гэж шүүнэ. Бидэнд яруу найргийг кино болгосон туршлага бага. ОХУ-ын бүтээл гэвэл нэлээдийг нэрлэнэ ээ. ОХУ-ын Ардын жүжигчин Сергей Никоненкогийн тоглосон “Сергей Есенин, Андрей Кончаловскийн “Хайрын тухай дууль” киног дурдаж болно. Харин надад монгол яруу найргийг яаж кино бүтээл болгосон нь их сонин байлаа. Youtube болон зурагтаар түмэнтээ
үзсэн АНУ, Европын хэв маягт амьдралыг эрчимтэй хөгжмийн аянд хэсэглэн эвлүүлсэн кинонууд сүүлийн үед гарах болсон. Эсвэл бидний амьдралд огт байдаггүй адал явдал, хийсвэр зохиомжоор үзэгчдийн сэтгэлийг байлдан дагуулах хандлага ажиглагдаж байна. Тэгвэл “Хийморь” өөр бүтээл болжээ. Ер гаднын хуулбар маягийн зүйл байхгүй. Монгол ахуй, аж байдал “үнэртсэн” бүтээл. Ер ард түмэн уухайн тас хүлээж авах нь дээ гэж бодогдлоо” хэмээсэн.