Авто спортын олимп гэгддэг “Дакар ралли” уралдаан Перу улсад ид үргэлжлэн, дэлхийн шилдгүүд өрсөлдөж байна. 41 дэх удаагийн тэмцээнд өнөө жил 61 орны 541 тамирчин 335 техникээр (түүнээс 137 нь мотоцикл, 26 нь дөрвөн дугуйт, 131 нь суудлын авто машин, 41 нь ачааны автомашин) оролцож байгаа юм. Тэдний дунд “Дакар ралли”-гийн аварга Стефан Петрхансел, Карлос Сайнз, Нессар Аль Атия, Серрил Депре тэргүүтэй олон шилдэг бий.
10 үе шаттай, 5000 км замд үргэлжлэх уралдаанд манай улсаас төрсөн ах, дүүс Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар UTV буюу дөрвөн дугуйтын ангилалд хурд сорьж байна. Тэд төдийгүй Монгол Улс эл ангилалд анх удаа оролцож байгаа нь энэ. Олон орныг дамжихгүй, зөвхөн Перу улсын нутаг дэвсгэрт болж буйгаараа онцлог тэмцээний эхний гараа уржигдар болж, тамирчид 84 км зайд уралдан Писко хотод барианд оров. Манай уралдаанчид автомашины ангилалд 52, UTV-д зургадугаар байр эзэллээ.
Уралдааны дараа чиглүүлэгч Ө.Бямбадэлгэр “Авто спортын тамирчдын мөрөөдөл болсон тэмцээнд дүүтэйгээ хамт оролцож буйдаа баяртай байна. Бид цаг агаар, цагийн зөрүүнд дасахын тулд өнгөрсөн сарын 28-нд Перуд ирсэн. Тэгсэн нь уралдахад их дэм болсон. Өнөөдөр (өчигдөр) элсэн манхан дундуур уралдлаа. Уралдааны замыг тэмдэглэсэн газрын зургийг л сайн нягталж явахгүй бол төөрөх эрсдэл ихтэй юм байна. Замдаа нэг илүү дугуйгаа гээчихлээ.
Өнөөдөр (өчигдөр) уралдааны зам, цаг агаарын нөхцөлд овоо дассан болохоор маргааш дажгүй оролцох байх. Биднийг олон хүн дэмжиж, санхүүгээр тусалсан. Тэмцээнээ амжилттай дуусган, итгэлийг нь хариулахыг юу юунаас илүү хүсэж байна” гэв. Жолооч Ө.Бямбацогт “Ойрд элсэн манхан туулан уралдаагүй, нэлээд төсөөрч. Монголд бэлтгэл их хийсэн ч ийм айхтар элстэй газар ховор. Огцом өгсүүр, уруу ихтэй газраар уралдлаа.
Заримдаа 30-40 метрийн уруу газраар уралдсан шүү. Запас дугуйгаа гээсэн нь жаахан тоогүй. Уг нь унахыг нь мэдсэн ч уралдаан ид үргэлжилж байсан болохоор авах боломж байсангүй” хэмээв. Сонирхуулахад, 23 жилийн түүхтэй “Ралли Монголия” уралдааны хоёр алт, нэг мөнгөн медальтай, ОУХМ цолтой Ө.Бямбадэлгэр 2015 онд Н.Лхамаагийн хамт “Дакар ралли”-гийн автомашины Т2 ангилалд оролцохдоо V байрт шалгарсан. Авто спортоор 10 дахь жилдээ хичээллэж буй түүний дүү, ОУХМ Ө.Бямбацогт дөрвөн жилийн өмнө “Дакар ралли”-гийн SUV ангилалд оролцсон ч техникийн саатлын улмаас уралдаанаа дуусгаж чадаагүй юм.