Африк тивийн Габон улсад цэргийнхэн төрийн эргэлт хийх гэж оролджээ. Тэд улсын мэдлийн радио станцийг эзэлж авсан бөгөөд эзэлсэн даруйдаа ард түмэндээ хандан мэдэгдэл хийж, улсынхаа ерөнхийлөгчийн явуулж буй бодолд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ улс оронд ардчиллыг тогтоож, төрийн эрх мэдлийг шилжүүлэн авах гэж байгаагаа уламжилж. Гэвч Засгийн газрын мэдлийн цэргийн хүчин тэднийг хэдэн цагийн дотор баривчилж, нийслэлдээ өрнөсөн үймээнийг намжаажээ. Баривчлагсдын дотор босогчдыг толгойлж байсан дэслэгч Келли Ондо Обианг байгаа гэнэ. Харин тэдний нэг нь зугтаж амжсан тул түүнийг эрэн хайх ажиллагааг орон даяар өрнүүлж байна.
Бонгогийн гэр бүл Габон улсыг 1967 оноос хойш удирдаж ирсэн. Эцэг Омар Бонго улсын ерөнхийлөгчөөр 40 жил ажилласны дараагаар хүү Али Бонго бүх нийтийн сонгуулийн дүнд төрийн тэргүүний сэнтийд 2009 онд заларсан юм. Тэрбээр биеэ эмчлүүлэх зорилгоор Марокко улсад байх энэ үеэр цэргийнхэн түүнийг суудлаас нь буулгахыг оролджээ. Тус улс байгалийн баялаг болоод хөгжлийнхээ түвшнээр тивдээ дээгүүрт ордог ч газрын баялгийн хуваарилалтыг тэгш бус хийдгээс болж үндэстний олонх нь ядуу амьдралтай хэвээр байна.