АНУ, БНАСАУ хоорондын хэлэлцээр мухардсан хэдий ч Цагаан ордны тэргүүн Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын хоёр дахь уулзалтыг хийх боломжтой газруудыг Америкийн Засгийн газар идэвхтэй судалж байна. CNN телевиз эх сурвалжуудаасаа эш татан ийн мэдээллээ.
Тэдний уламжилснаар Ким Жөн Унтай удахгүй уулзана хэмээн Д.Трамп өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхээс өмнө хоёр удирдагч дээд хэмжээний уулзалтаа хийвэл тохиромжтой газрыг хайж эхэлсэн аж. Вашингтон энэ асуудлаар Өмнөд Солонгосын төлөөлөгчидтэй зөвлөлдөөгүй гэнэ. Дээд хэмжээний уулзалтыг Азийн нэг оронд хийвэл зохино гэж БНСУ зөвлөж байжээ. Харин хоёр удирдагчийн ээлжит уулзалт Пёньянд болох ёстой хэмээн БНАСАУ-ын эрх баригчид мэдэгдсэнийг CNN телевиз тэмдэглэсэн билээ.
Уулзах боломжтой газруудын дотор Вьетнам, Индонез, Монгол, АНУ-ын Хавай муж улс, Солонгос хоорондын цэрэггүй бүсийг нэрлэжээ. Дээд хэмжээний уулзалт дөнгөж төлөвлөх шатандаа яваа учир бэлтгэл дахиад хэдэн сар үргэлжилж магадгүй аж. CNN телевизийн мэдээлснээр Цагаан ордон БНАСАУ-ын төлөөлөгчидтэй холбогдож, Швейцарыг санал болгосон ч талууд Ким Жөн Ун хэрхэн тийш очих талаар тохиролцож чадаагүй гэнэ.
Эх сурвалжуудын мэдээлснээр дээд хэмжээний анхны уулзалт болсон Сингапурыг энэ удаа сонирхоогүй байна. Шинэ оны босгон дээр Д.Трамп дээд хэмжээний хоёр дахь уулзалтын хэтийн төлөвийн талаар ярихдаа БНАСАУ-ын удирдагчаас ээлжит захидал хүлээн авснаа онцлон тэмдэглэсэн билээ. Уг захидлын агуулгатай танилцсан, CNN телевизийн эх сурвалжуудын уламжилснаар уг баримт бичиг Ким Жөн Унтай ямар сайн харилцаа тогтоосныг Д.Трампад сануулсан байжээ.
Тодруулбал, тус хоёр улс хоорондын хэлэлцээ гацаанд орлоо хэмээн үзэхдээ БНАСАУ-ын удирдагч Д.Трампад захидал илгээж, Сингапурт тэд олон амжилтад хүрснийг Америкийн удирдагчид сануулсан аж.
Ташрамд дурдахад, өнгөрсөн оны зургадугаар сарын 12-нд Сингапурт АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний анхны түүхэн уулзалт болж, Д.Трамп, Ким Жөн Ун нар хамтарсан мэдэгдэл баталсан. Уг баримт бичигт Пёньян цөмийн зэвсгээ бүрэн устгахад зарчмын хувьд бэлэн гэдгээ зарласан бол үүний оронд АНУ БНАСАУ-д аюулгүй байдлын баталгаа олгох үүрэг хүлээсэн юм. Гэсэн ч талуудын байр суурийг Сингапурын уулзалтын дүнгийн баримт бичигт тодорхой тусгаагүй.
Оны өмнө буюу өнгөрсөн сарын 2-нд Д.Трамп 2019 оны нэг, эсвэл хоёрдугаар сард Ким Жөн Унтай уулзахаа мэдэгдсэн. Үүнийг мөн өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео “Fox news” телевизэд ярилцлага өгөхдөө нотолсон байна.
“Хэлэлцээний стратегиа дэлгэх боломжгүй ч Ерөнхийлөгч Д.Трамп, удирдагч Ким Жөн Ун нар уулзаж, АНУ болон даян дэлхийд Пёньяны талаас учирч болзошгүй аюулыг арилгахад бодитой амжилт гаргах боломжтойг хэлэхэд хангалттай болов уу” хэмээн М.Помпео тэмдэглэжээ.
Тэрбээр өнгөрсөн онд Пёньянд айлчилсныхаа дараа Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох үйл явцад АНУ, БНАСАУ үлэмж ахиц гаргасныг мэдэгдээд, энэ амжилтыг бэхжүүлэхийн тулд хоёр удирдагч дахин уулзах хэрэгтэйг онцолсон. Анхны түүхэн дээд хэмжээний уулзалт хариултаас илүү олон асуулт үлдээсэн болохоор хоёр дахь уулзалтаас юу хүлээх вэ?
ЦӨМИЙН ЗЭВСЭГ УСТГАХ БОЛОН НАЙРАМДЛЫН ГЭРЭЭ
“Эхлээд би түүний адил их хатуу байр суурьтай байсан. Харин дараа нь ярилцаж эхэлсэн. Тэгээд л бид бие биедээ дурласан” гэж Ким Жөн Унтай ямар харилцаатай байдгаа Д.Трамп дэмжигчдийнхээ өмнө үг хэлэхдээ ийн тайлбарлажээ. Өнгөрсөн оноос хойш Пёньян туршилтаа зогсоож, Пүнгери дэх цөмийн пуужингийн талбайгаа хаасныг АНУ-ын Ерөнхийлөгч өөрийн гавьяад тооцдог. Гэсэн ч Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох үйл явц урьдын адил олон сорилт дагуулж буй.
Пёньяныг хэрхэн цөмийн зэвсэггүй болгох асуудал хамгийн эмзэг сэдэв хэвээр байна. Сингапурын уулзалтаар тунхаг бичиг баталсан ч үүнд тодорхой хугацаа, хэрхэн гүйцэтгэх зааврыг тусгаагүй, талууд ямар үүрэг хүлээхийг ч заагаагүй юм.
Өдгөө Вашингтон Пёньянаас цөмийн зэвсгээсээ татгалзах эргэлт буцалтгүй алхам хийж, БНАСАУ-ын цөмийн болон пуужингийн бүх хүчин чадлаа бүрэн шалгуулахыг шаардаж байгаа. Тэгвэл Солонгосын дайныг бүрмөсөн эцэслэх Найрамдлын гэрээ байгуулахыг Пёньян шаардаж, үүний дараа л зэвсэг устгах тодорхой үүргийн талаар хэлэлцэхээ мэдэгджээ.
“Vox” цахим хуудасны эх сурвалжуудын бичсэнээр анхны уулзалтын дараа удалгүй тийм гэрээ байгуулахаа Ким Жөн Унд Д.Трамп амласан. Харин одоо тус хоёр улсын харилцаа мухардсан нь хэлэлцээний явцад америкчууд нэмж шаардлага тавьсантай холбоотой юм.
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний хэлснээр Найрамдлын гэрээ нь улс төрийн нэг алхам болох ёстой. Эл алхам нь БНАСАУ-д цөмийн зэвсэг, баллистик пуужингаасаа татгалзсаны хариуд аюулгүй байдлын баталгаа олгох зорилготой. Үүнтэй америкчууд санал нийлэхгүй байна.
Учир нь Найрамдлын гэрээ байгуулсны дараа Пёньян АНУ-ын цэргийг хойгоосоо гарахыг шаардаж болзошгүй аж. Одоо БНСУ-д Америкийн 28.5 мянган цэрэг бий. Найрамдлын гэрээ байгуулах нь Өмнөд Солонгост америк цэрэг байх шаардлага цаашид байхгүй гэсэн үг үү гэсэн асуултад АНУ-ын Батлан хамгаалахын сайд дөрөвдүгээр сард хариулаагүй юм.
МУХАРДЛААС ГАРАХ НЬ
Д.Трамп болон Ким Жөн Уны дээд хэмжээний ээлжит уулзалт л хэлэлцээний үйл явцыг мухардлаас гаргах боломжтой гэж ОХУ-ын ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн Азийн талаарх Оросын стратегийн төвийн захирал Георгий Толорая ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө хэлжээ.
“Хоёр удирдагчийн уулзалтыг олон улсын тайлбарлагч нар, Америкийн Ерөнхийлөгчийг дэмждэггүй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эрс буруушаана. Гэсэн ч дээд хэмжээний уулзалт л хэлэлцээгээ үргэлжлүүлэх харилцан буулт хийх замыг засах боломж олгоно. Амжилтгүй байсан ч хамаагүй хэлэлцээ хийх нь Солонгосын хойгийн түгшүүр намжиж, тогтвортой байдал гүн гүнзгий оршиход хүргэнэ” хэмээн тэрбээр тэмдэглэсэн байна.
Өнгөрсөн онд Солонгос хоорондын дээд хэмжээний гурав дахь уулзалтыг хийсний дараа Пёньян цөмийн зэвсгээ устгах талаар тодорхой алхмууд хийснээ танилцуулсан. Тухайлбал, Ким Жөн Ун сайн дураар олон улсын шинжээчдийн хяналтан доор Пүнгери дэх туршилтын талбайгаа буулгах санал тавьсан. Түүгээр зогсохгүй АНУ зохих алхам хийвэл тэрбээр Пёнан-Пукто муж дахь цөмийн Йонбён төв дэх реактороо буулгахыг зөвшөөрсөн. Ингэнэ гэж хэн ч таамаглаагүй. Тиймээс бөмбөг одоо Америкийн талд байна.
Солонгос судлаач Роберт Келли АНУ-ын хийж болох хариу алхмын талаар “National interest” сэтгүүлд бичсэн тэмдэглэлдээ хүмүүнлэгийн тусламжаа нэмэх, хориг арга хэмжээг сулруулах, эсвэл цэргийн сургуулилалтаа түр зогсоож болохыг тэмдэглэжээ. Гэхдээ солонгосчууд пуужингийн хэчнээн цэнэгт хошуутай, цөмийн зэвсэг бүтээхэд ашигладаг материалуудынх нь талаар бүрэн мэдээлэл авах хүртэл Ким Жөн Унтай Д.Трампыг уулзах ёсгүй гэж тэрбээр үзэж байна.
Үүний сацуу ядаж телевизээр үзүүлэх дүрсийн төлөө дээд хэмжээний хоёр дахь уулзалтыг хийхээс өөр аргагүй хэмээн Р.Келли тэмдэглэжээ. Трамп болон Кимийн уулзалт энэ удаа илүү агуулгатай тохиролцоонд хүрч, эсвэл замын зурагтай болсноор дуусна хэмээн Өмнөд Солонгосын тал найдаж байна. Тийм баримтад талуудын хүлээх бодитой үүрэг, цөмийн зэвсэг устгах талаар хийх тодорхой алхмуудыг тусгана. Ийм баримт бичиг батлах, эсвэл талууд тунхаг төдийгөөр уулзалтаа дуусгах, эсэх нь томоохон асуудал хэвээр буй.
ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТАД ХҮРЭХ ЗАМ
Цагаан ордон өнгөрсөн оны есдүгээр сарын 10-наас уулзалтад бэлтгэж эхэлснээ зарлаж, дараа нь АНУ-ын засаг захиргаа Ким Жөн Унаас их найрсаг, дотно захидал авсан. Дараагийн өдөр нь АНУ-ын удирдагчийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан туслах Жон Болтон дээд хэмжээний уулзалт оны эцсээр болохыг үгүйсгээгүй. Ийм уулзалт аравдугаар сараас хойш болно хэмээн М.Помпео ч хэлсэн. “Юундаа ч яарах билээ. Хангалттай цаг байна” гэж Д.Трамп тэр үед мэдэгдсэн билээ.
Д.Трамп АНУ-ын завсрын сонгуулийн (Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 6-нд болсон) өмнө Ким Жөн Унтай уулзах хэрэгтэй хэмээн Георгий Толорая таамагласан. Гэвч сонгуулийн сурталчилгаа хийхээр муж улсуудаар явах шаардлагын улмаас дээд хэмжээний уулзалт ойрын хугацаанд хийх боломжгүй гэсэн хариултыг Д.Трамп өгчээ. АНУ болон БНАСАУ уулзах боломжтой гурав, дөрвөн газрыг судалж байгааг тэрбээр хэлсэн байна.
Тийнхүү уулзах тодорхой цаг хугацаа, газрын талаар таамаг хараахан алга. Өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд болсон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, Ким Жөн Ун нарын хэлэлцээний үеэр уулзалтыг аль болох ойрын хугацаанд хийж, цөмийн зэвсэг устгах асуудлаар ажлын хэсэг байгуулахаар тохиролцсон билээ. БНАСАУ-ын удирдагч Д.Трамптай хийх хоёр дахь уулзалтаар хэлэлцэх асуудлыг сайн бэлтгэнэ хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ. Д.Трамп Төрийн нарийн бичгийн даргынхаа уулзалтыг нааштай үнэлж байгаагаа твиттер хуудсандаа бичихдээ Ким Жөн Унтай ойрын ирээдүйд уулзана хэмээн найдаж буйгаа мэдэгдсэн.
БНАСАУ-д айлчилсныхаа дараа Америкийн Төрийн нарийн бичгийн дарга мэдээлэхдээ талууд ложистикийн тохиролцоонд хүрмэгц Пёньян цөмийн болон пуужингийн объектуудаа олон улсын шинжээчдэд үзүүлэхэд бэлэн байгааг уламжилсан юм. М.Помпеогийн хэлснээр Вашингтон болон Пёньян дээд хэмжээний уулзалт хийхэд тун ойрхон байна.