Германы нөлөө бүхий 100 гаруй улстөрчид, тэр дундаа Канцлер Ангела Меркель, улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерын хувийн шуудан хаяг болон пэйж аккаунт хакердуулж, их хэмжээний нууц мэдээлэл алдагдсан тухай Германы Цагдаагийн газар мэдэгдэж байсан ч гэмт хэрэгтнүүдийг олж илрүүлж чадаагүй байлаа. Олон сарын ажлын үр дүнд сая л баривчиллаа. Гэхдээ урьдчилан таамаглаж байсанчлан бүлэг этгээдүүд байсангүй. Эгэл жирийн оюутан залуу ганцаараа л дээрх бүх том хэргийг өдөөж, улмаар гүйцэтгэсэн байсан нь цагдаагийнхныг алмайруулжээ.
Хакер залуу хууль бусаар олж авсан мэдээллээ Twitter-ийн хуурамч хуудсанд тавьж эхэлсэн ч хууль сахиулагчид түүнийг илрүүлж чадалгүй байсаар өнгөрсөн долоо хоногт л хэн болохыг нь олж тогтоосон байна. Олсон мэдээллээ яагаад сошиал сүлжээнд нийтлэх болсон тухайгаа гэмт хэрэгтэн “Зарим улстөрчдийн хийсэн мэдэгдэл таалагдахгүй байсан учир” хэмээн тайлбарлажээ. Тэрбээр олж авсан мэдээллээ нийтэд задлах үйлдлээ 2018 оны 12-р сард идэвхжүүлсэн авч 2019 оны 1-р сарын 3-ныг хүртэл ямар ч хуулийн байгууллага, хувь иргэн үүнийг анзаарч мэдээгүй байна. Харин RBB радио станцийн сонор сэрэмжийн ачаар Цагдаагийнхан энэ тухай мэдэж улмаар хакер залуугийн мөрөөр орч чадсан байна. Мэдээллийг түгээж байсан хуурамч аккаунтыг одоо хаагаад байгаа гэнэ.