-УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хурлыг ажил тарах үед зарлав-
ЖДҮХС-гаас хамаарал бүхий компанидаа нэн хөнгөлөлттэй зээл авсан УИХ-ын гишүүдийн асуудлыг АТГ-ынхан шалгаж, заримыг нь прокурорт шилжүүлсэн, Улсын ерөнхий прокурор 3-4 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал УИХ-д өргөн барих гэж буй гэсэн сураг сарын өмнөөс дуулдсан.
Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналыг 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрлэх хуультай. Гэтэл УИХ-ын үйл ажиллагаа доголдож, байнгын хороо болон нэгдсэн чуулган хуралдаж чадахгүй гацсан, М.Энхболдын талын хүнийг нэмж оруулахаар болсон зэрэг шалтгаанаар ерөнхий прокурор саналаа хүргүүлэхээ азнаж буй талаар эх сурвалж хэлж байв.
Харин өчигдөр орой ерөнхий прокурор УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д хүргүүлсэн гэсэн мэдээлэл гарах болов. УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд, О.Ундармаа нарын нэр уг бичигт буй гэсэн таамаг байна. Эд бол эхний ээлжийнхэн, араас нь мөн тооны гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг оруулна гэсэн яриа ч бий.
Ямартай ч өчигдөр ажлын цаг дуусах үед УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороог хаалттай хуралдуулах зарыг парламентын Тамгын газраас тараасан ч гишүүдийн ирц бүрдээгүй тул хуралдаагүй гэж баттай эх сурвалж мэдээллээ. Уг дэд хороо нь УИХ болон гишүүдийн бүрэн эрхтэй холбоотой асуудал гарсан үед л хуралдаж, хэлэлцэх чиг үүрэгтэй билээ.
Өмнө нь ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой асуудлаар ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах санал оруулж ирсэн ч УИХ түүнийг хамгаалж үлдсэн. Мөн өнгөрсөн онд ерөнхий прокурор Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д хүргүүлсэн нь гишүүдийн дэмжлэгийг аваагүй юм.