Цагдаагийн Ерөнхий газраас "Сар шинэ" нэгдсэн арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Улаанбаатараас Замын-Үүд чиглэлд явж байсан зорчигч тээврийн автобус ноцтой осол гаргалаа
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү "Сар шинийн өдрүүдэд Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн замын хөдөлгөөний урсгал нэмэгдэх хандлагатай байдаг. 2018 оны нэгдүгээр сарын 08-нд буюу өнөө өглөө 06.00 цагт Улаанбаатараас Замын-Үүд чиглэлд зорчиж байсан орон нутгийн том оврын автобус ноцтой осол гаргалаа. Үүний улмаас хоёр жолооч газар дээрээ нас барж, 31 хүн бэртэж гэмтсэн. Орон нутгийн цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газар дээр очиж, үзлэг явуулж байна.
Иргэд олон нийт хөдөө орон нутаг руу зорчихдоо хурдаа тохируулах, тээврийн хэрэгсэл жолоодохдоо архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, замын хөдөлгөөний дүрмээ баримтлах, зорчигч тээврийн автобусны жолооч нар ээлжээр солигдож, сайн амарч явахыг анхааруулж байна" гэлээ.
80 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн олдвор зарах гэж байсныг илрүүллээ
"Үлэг гүрвэлийн яс зарна" гэсэн мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн алба болон харъяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагаас шуурхай ажилласан. Шалгалтын явцад 80 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн олдворыг Улаанбаатар хотын харъяат Г, Өмнөговь аймгийн харъяат М нар худалдан борлуулах гэж байсныг илрүүллээ.
Хэвлэлийн бага хурлыг дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Талийгаач Чамин-Эрдэнийн ар гэрийнхэн хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн. Ингэхдээ "Хууль хяналтынхан хэргийг зориудаар хаахаар оролдож байна" гэсэн. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?
-Ч нас барсан хэргийн талаар хэд хэдэн удаа мэдээлэл өгсөн. Цагдаагийн байгууллагаас анх хэргийн газарт үзлэг хийгдсэнээс хойш хэрэгт авагдсан нотлох баримт алдагдсан, өөрчлөгдсөн, устгагдсан зүйл байхгүй хэмээн удаа дараа няцаалт хийж байгаа. Цагдаагийн байгууллагын бүхий л ажиллагаанд прокурорын байгууллага хяналт тавин ажилладаг. Үүнд ямар нэгэн байдлаар хохирогчийн өмсөж байсан хувцас, хэрэглэл алга болсон зүйл байхгүй.
Хоёрдугаарт, Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх хуулийн дагуу цагдаагийн байгууллага мөрдөн шалгах үйл ажиллагааг явуулж, прокурор хяналт тавьдаг. Үүнд хэн нэгэн ТББ мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх байхгүй. Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж дуусаад прокурорт шилжүүлнэ. Энэ явцад тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.
Энэ хэргийг удаашруулсан, замхруулах гэсэн зүйл байхгүй. Хэрэгт хөндлөнгөөс саад учруулах гэсэн буруу ташаа мэдээллийг олон нийтэд түгээхгүй байхыг анхааруулж байна.
Хэрэв хэрэгт ач холбогдолтой нотлох баримт байвал хэргийг шалгаж буй Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэст мэдээллээ хүргүүлээд шалгуулах бүрэн боломжтой.
Хохирогчдын зүгээс тавьж байгаа бүхий л санал хүсэлтийг цагдаагийн байгууллагаас хүлээж авч, шалгалтуудыг явуулж байгаа. Сүүлд нэмэлт шинжилгээ томилсон, удахгүй дүгнэлт нь гарна. Хэргийг шалгаж дууссаны дараа шаардлагатай гэж үзвэл прокурорын зөвшөөрсөн хэмжээнд олон нийтэд мэдээлэх болно.