ЗХУ-ын үед барилгачид дотоод бүтцийн хувьд нэгэн сонин шийдэл бүхий таван давхар байшин барьсан нь өдгөө ОХУ-ын мэдээллийн сүлжээний топ сэдэв болж байна. Тус байшинд амьдрах иргэд ажил руугаа явахын тулд гадагшаа гарах шаардлагагүй аж. Хувцсаа өмсөөд ундаа уусан л бол нэг хаалга татаад л метроны буудал руу орно. Учир нь барилгачид 20-р зууны дундуур уг барилгыг нийтийн байрны зориулалтаар босгохдоо метро руу ордог хаалгатайгаар барьжээ.
Энэ нь шинээр суурьшсан орчин суугчдад анхандаа ихэд таалагдаж, сэтгэлийг нь жинтэй хөдөлгөдөг гэнэ. Сүүлдээ метроны вагоны байнгын дуу, зорчигчдын мөнхийн шуугианаас залхаад удалгүй уг байрнаас нүүж оддог гэнэ. Учир нь метроны хөдөлгөөн эхлэх үүрийн 05 цагт сэрж, хөдөлгөөн дуусах 01 цагт л унтдаг гэнэ. Энэ нь тус байрыг түрээслүүлэгч эздэд хүндээр тусдаг байна. Учир нь түрээслэгч явж одох бүрт байрных нь үнэ унасаар өдгөө шалдаа буужээ. Санаатай хийсэн шийдэл, санамсаргүй гаргасан алдаа нь үл мэдэгдэх ийм маягийн байшингууд сүүлийн үед Москвад цөөнгүй олдох болсон гэнэ.