АНУ-д өнгөрсөн сард 312 мянган ажлын байр бий болгосныг Хөдөлмөрийн яам нь мэдээллээ. Ингэснээр 2018 онд нийт 2.64 сая ажлын байр бий болсон нь 2015 оноос хойших дээд үзүүлэлт гэдгийг “Wall street jour¬nal” онцлов. Түүнчлэн нэг цагийн ажлын хөлс 3.2 хувиар нэмэгдсэн нь сүүлийн арван жил дэх өндөр үзүүлэлт болохыг ч тодотголоо. Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Гайхалтай тоонууд” хэмээн жиргэжээ.
Дээрх мэдээлэл цацагдсаны дараа тус улсын хувьцааны индексүүд дээшилсэн бөгөөд “Dow Jones” индекс гэхэд баасан гарагт 3.3, “S&P 500” 3.4, “Nasdaq” 4.2 хувиар өсжээ. Арванхоёрдугаар сард 177 мянган ажлын байр бий болно хэмээн шинжээчид өмнө нь таамаглаж байснаас ийнхүү бараг хоёр дахин илүү үзүүлэлт гарлаа. Хэдийгээр ажилгүйдлийн түвшин нь 3.9 хувьд хүрсэн ч бараг түүхэн доод түвшинтэйгээ ойролцоо хэвээр буй аж. Иймд АНУ-ын Төвбанк бодлогын хүүгээ 2019 онд ч үргэлжлүүлэн нэмэх магадлалтай болохыг эдийн засагчид дурджээ. Тус банкны тэргүүн Жером Пауэлл ирэх баасан гарагт ямар мэдэгдэл хийхийг хөрөнгө оруулагчид анхаарч буй юм.
Ажил эрхлэлтийн талаарх мэдээлэлтэй холбоотойгоор иен, еврогийн эсрэг ам.долларын ханш мөн чангарсныг “Reuters” уламжиллаа. Тодруулбал, арлын орны мөнгөн тэмдэгтийн эсрэг “ногоон”-ы ханш 0.72, евротой харьцах ханш нь 0.34 хувиар чангарчээ. Евро бүсийн бизнесийн идэвхийн үзүүлэлт 2018 онд буурч, сүүлийн дөрвөн жилийнхээ доод түвшинд хүрсэн нь еврогийн ханш сулрахад нөлөөлсөн гэнэ. Бас инфляцын түвшин нь арванхоёрдугаар сард таамагласнаас илүү буурчээ.