Энэ онд дэлхийн III дайн дэгдэж мэдэх хамгийн халуун бүс нутаг бол Өмнөд Хятадын тэнгис, Украин, Персийн булан, Солонгосын хойг гэж АНУ-ын Цэргийн академийн профессор Роберт Фарли “National interest” сэтгүүлд бичсэн нийтлэлдээ дурджээ.
Түүний үзэж буйгаар Өмнөд Хятадын тэнгис дэх АНУ, Хятадын тэмцэл одоогоор эдийн засгийн хориг арга хэмжээ болон татварын маргааны хүрээнд өрнөж байгаа ч хоёр талын харилцаа муудахын хэрээр мөргөлдөөн эл хүрээнээс хальж мэдэх нь. Дэлхийн дайн өдөөж мэдэх өөр нэг газраар Украиныг нэрлэжээ.
Саяхан Керчийн буланд болсон хэрэг явдлыг тэрбээр дурдаад, энэ нь тус бүс нутгийн түгшүүр улам нэмэгдэхэд хүргэснийг тэмдэглэсэн байна. Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тус улсын халдашгүй байдлыг хөндөж, тодорхойгүй байдал үүсгэх сонирхол ОХУ-д байгаагүй гэж профессор үзжээ. Москва, Вашингтон хоорондын түгшүүртэй байдал хэвээр буй үед өчүүхэн доргио юунд ч хүргэж болохыг тэрбээр анхааруулав.
Халуун цэгийн гурав дахь бүс нутаг нь Персийн булан хэвээр аж. Иранд АНУ-аас үзүүлж буй эдийн засгийн дарамт, Йемен, Сирид болж буй мөргөлдөөний улмаас тус бүс нутгийн түгшүүртэй байдал газар авсаар байна. Стратегийн ач холбогдлын хувьд энд бий болох тогтворгүй байдал Москва, Вашингтон, цаашлаад Бээжин хоорондоо шууд мөргөлдөхөд хүрч мэдэх аж.
Түгшүүрийн дөрөв дэх голомт нь хэдийгээр АНУ болон БНАСАУ энхийн санаачилга гаргаж байгаа ч Солонгосын хойг байх магадлалтай. Р.Фарлигийн үзэж буйгаар Вашингтон, Пёньян хоорондын харилцаа хэзээ ч муудаж болзошгүй төдийгүй Солонгосын асуудлаарх санал зөрөлдөөн Хятад, Японд ч бий.
Хятад, АНУ-ын харилцаа хөндийрч байгаа нь ч ирээдүйд болзошгүй муу ёрыг зөгнөж, бусад улсад ч халуун цэг үүсэхэд хүргэж мэдэх юм хэмээн Роберт Фарли бичжээ. Тэгэхдээ АНУ-ын цэргийн ноёрхол ганхаж, дэлхийн хэв журам алдагдсан нь ойрын ирээдүй аюултай болж магадгүйг харуулж байна гэж тэрбээр эцэст нь тэмдэглэсэн байна.