1. Пхенчаны олимп
9/II-25/ II хооронд Өмнөд Солонгосын Пёнчан хотод өвлийн спортын ХХII олимп зохиогдсон. Тус наадамд 92 улс орон оролцсоноос допингийн асуудалтай байсан ОХУ-ын баг тамирчид Олон улсын олимпын хорооны туган дор оролцсон.
2. Куба улсын шинэ удирдлага
Куба улсын удирдагч Рауль Кастро албан тушаалаасаа огцорчээ. Тэрээр 2006 оноос тус улсын удирдагчийн үүргийг гүйцэтгэж байгаад 2008 онд Кубын ард түмний санал асуулгаар Улсын Зөвлөлийн тэргүүлэгчээр сонгогдсон бөгөөд улс орноо либералчилах бодлогыг эрчимтэй явуулсан аж. Кубыг ах дүү Кастро жар шахам жил удирджээ.
3. Владимир Путин ОХУ-ын Ерөнхийлөгчөөр дөрөв дэхээ сонгогдов
ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Владимир Путин дөрөв дэхь удаагаа нэр дэвшин ялалт байгуулав. Тэрээр тус албан тушаалд анх 2000 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд 2004 оны сонгуулиар түүнийг хоёр дахиа сонгожээ. Харин 2008 онд Оросын Ерөнхийлөгчөөр Дмитрий Медведев сонгогдож, харин Путин Засгийн газрыг тэргүүлсэн билээ. 2012 онд Путин Ерөнхийлөгчийн албан тушаалд дахин эргэж ирэн 2018 онд дөрөв дэхээ нэр дэвшин сонгогдсон нь энэ юм.
4. Хоёр Солонгосын тэргүүн нар уулзав
Солонгосын хойгийн олон жилийн хүйтэн харилцаанд анх удаа дулаан уур амьсгал оруулсан Өмнөд болон Хойд Солонгосын удирдагчдын уулзалт энэ оны чухал үйл явдлын нэг байлаа. Мун Жэ Ин, Ким Жон Ун нар хамтдаа мод суулгахдаа хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурж, энх тайвны эрин эхэлж буйг зарлажээ.
5.Ханхүү Гарригийн гэрлэлт
Их Британийн Хатан хаан II Елизаветагийн ач хүү хунтайж Гарригийн гэрлэлт мөн л дэлхийн нийтийн анхаарлыг татлаа. Энэ гэрлэлтээр ёстой л Үнсгэлжийнгийн үлгэр биеллээ олж Америкийн жирийн жүжигчин Меган Марклыг Сассекийн гүнгийн ахайтан болгосон. Хосууд хүүхэдтэй болсноо өнгөрсөн аравдугаар сард зарласан билээ.
6. АНУ ЭСЯ-аа Иерусалимд шилжүүлэв
АНУ Тель-Авив дахь элчин сайдын яамаа Иерусалим руу шилжүүлсэн явдал Израиль-Палестины хоорондын тааруу харилцааны гал дээр тос нэмээд зогсохгүй исламын орнуудын эсэргүүцлийн хөдөлгөөнийг дэвэргэжээ. Элчин сайдын яамаа Иерусалмд шилжүүлснээрээ АНУ тус хотын Израилийн нутаг дэвсгэр гэдгийг хүлээн зөвшөөрч байгаагаа цорын ганц улс болов.
7. Скрипалийн хэрэг
Оросын Тагнуулын төв удирдлагын хурандаа асан Скрипалийг химийн бодист хордуулсан хэрэг хамгийн дуулиан тарьсан үйл явдлын нэг байв. Эх орноосоо урван Английн талд ажиллах болсон Сергей Скрипаль охины хамт Солсбери хотод А-234 хэмээх мэдрэлд нөлөөлдөг химийн бодист хордсон явдлыг Их Британийн тал ОХУ-г буруутгаснаар хоёр орны хооронд дипломатын түвшинд дайн гарчээ. Энэ хооронд Скрипаль болон түүний охины бие сайжран хэвийн байдалд орсон.
8. Саудын Арабын эмэгтэйчүүдийг машин барихыг зөвшөөрчээ
Саудын Арабын эмэгтэйчүүд машин жолоодох эрхтэй болсон явдал тус улсад өмнө нь гарч байгаагүй үйл явдлын нэг байлаа. Саудын Араб эмэгтэйчүүдийг жолоо барихыг хориглодог цорын ганц орон байсан бөгөөд эл хоригийг зөрчсөн эмэгтэйг хатуу шийтгэдэг байжээ.
9. Мундиаль
Энэ оны спортын онцлох үйл явдал мэдээж хөл бөмбөгийн элхийн аварга шалгаруулах тэмцээн байлаа. Эл тэмцээн анх удаа ОХУ-д болж дэлхий аваргаар Францын шигшээ тодорсон.
10. Жамаль Хашогийн аллага
Сэтгүүлч Жамаль Хашоги Туркийн нийслэл дэх Саудын Арабын Ерөнхий консулын газраас нууцлаг байдлаар алга болсон талаар дэлхий даяар шуугисан. Жамаль Хашоги нь улсынхаа талаар хурц шүүмжлэл бичдэгээрээ алдартай бөгөөд сүүлийн хэдэн жил АНУ-д амьдран, The Washington Post сонинтой хамтран ажилладаг байжээ. Туркийн хэвлэл Хашогийг Саудын Арабын тусгай албаныхан аймшигтайгаар тамлан алсан гэж мэдээлсэн. Саудын Араб үүнийг эсэргүүцэж байан ч хүлээн зөвшөөсөн юм.
11. Хатуу ""Brexit"
Их Британи Европын холбооноос гарах асуудал олон улсын анхаарал татсан зүйл байлаа. Уг баримтыг парламентаар хэлэлцүүлэх хугацаа олныг түгшээж байгаа байв. Парламентын анхны хэлэлцүүлэг энэ сарын 11-нд товлогдож, гурав хоног маргалдсаны эцэст Ерөнхий сайд Тереза Мэй “brexit”-ийн баримтыг одоогийн байгаа байдлаар танхимын олонх дэмжихгүй гэдгийг хүлээн зөвшөөрөн хэлэцүүлгийг ирэх жилийн нэгдүгээр сар хүртэл хойшлуулжээ. Их Британи Улс Европын холбооноос гуравдугаар сарын 29-нд гарах ёстой аж.
12. "Шар хантаазтануудын" давалгаа
Оны сүүлээр Франц Улс даяар “шар хантаазтануудын” эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөв. Уг хөдөлгөөн анхандаа шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэнээр эхэлсэн бол удалгүй зорилго нь улам гүнзгийрэн Засгийн газар болон Макроныг огцрохыг шаардах болжээ. Шахалтанд орсон Францын Ерөнхийлөгч Макрон цалингийн хэмжээг 1,8 % хуваарь өсгөж, шагналын санг нэмэгдүүлж, өөр олон хөнгөлөлтийг үзүүлсэн ч “шар хантаазтанууд” эсэргүүцлээ үргэлжлүүлсээр байна. “Шар хантаазтануудын” хөдөлгөөн Голланд, Бельги, Их Британи, Польш, Серб зэрэг орнуудад мөн өрнөж эхэлжээ.
13. Индонезийн эмгэнэл
Өнгөрч буй оны хамгийн эмгэнэлтэй үйл явдал Индонезийн “Lion Air” агаарын компанийн зорчигч тээврийн Boeing 737 онгоц сүйрсэн хэрэг байлаа. Онгоц газраас хөөрснөөс хойш удалгүй нисэх багийн ахмад осолын буулт хийх зөвшөөрөл хүсчээ. Төд удалгүй онгоцтой холбоо тасарсан байна. Онгоц Ява аралын баруун эрэг орчмын далайд унасан бөгөөд дотор нь зорчиж явсан 189 хүн бүгд амь үрэгджээ.
14. АНУ цэргээ Сириэс татлаа
АНУ зэвсэгт хүчнээ Сириэс татах болсон шийдвэр гаргасан нь олон орны хувьд гэнэтийн шийдвэр байлаа. Үүнээс өмнөхөн Ерөнхийлөгч Дональд Трамп “Исламын улс” террорист бүлэглэлийг ялсан гэж мэдэгдээд “Исламын улсыг ялан дийлэх явдал бидний Сирид байх цорын ганц шалтгаан байсан” гэж “Твиттер” хуудсандаа бичжээ.