Хүнд өвчний улмаас нас барах өдрөө хүлээж буй нэгэн англи хүн “Надтай салах ёс гүйцэтгэхийг хүсвэл оршуулганд оролцох тасалбар худалдан ав” гэжээ. Өдгөө 72 настай Касс Кейт хорт хавдартай хүмүүст туслахаар олон жилийн өмнө өөрийн нэрэмжит сан байгуулж, буян хийсээр ирсэн гэнэ.
Тиймээс Касс тодорхой хэмжээнд олны танил болсон хүндтэй нэгэн аж. Тэрбээр өөрийн үхлийг ч мөнгө болгож, хавдартай хүмүүст туслах нь том буян гэж үзсэн талаараа ярьсан байна. Түүний оршуулгын тасалбарыг алт, мөнгө, хүрлээр бүрсэн тусгай цаасан дээр хэвлэж, 25-100 фунт стерлингээр борлуулах гэнэ.
Илүү үнэ төлсөн хүн оршуулгын ёслолын үед хавч зэрэг үнэтэй бүтээгдэхүүнээр хийсэн хоол зооглох аж. Нийт 500 тасалбар хэвлэсэн үүнээс олсон орлогыг “Улаан оймс” санд төвлөрүүлж, буяны үйлсэд зарцуулах ёстойг ходоодны хавдраар хорвоог орхих өдрөө хүлээж буй Касс өгүүлжээ.