Д.Сүхбаатарын талбай дээр нэр бүхий УИХ-ын гишүүд, эвсэл хөдөлгөөнүүд, ТББ-ууд “МАНАН гэх дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хэмээх уриатай жагсаалыг зохион байгуулж байна. Өмнө нь тус нэгдлээс УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр огцрохыг шаардсан. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол Монгол орон даяар эсэргүүцлийн тэмцэл зохион байгуулна хэмээн мэдэгдэж байсан юм. Жагсаалыг нээж УИХ-ын тодорхой гишүүд үг хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: МАНАН бол төрөөс дээгүүр, намаас дээгүүр байна. МАНАН чонотой нийлсэн нохой шиг болжээ. Үүнийг унагаах цаг болсон. Зуун жилийн өмнө монголчууд бүгд нэгдэн манжийн дэглэмийг устгасан. Хэдэн жилийн өмнө олуулаа нэгдэж, социализмыг унагааж байсан. Монголчуудаа, нэгдэн нягтарцгаая. Монголчуудыг хагалан бутаргах зорилго МАНАН-д их бий. Нэгдсэн монгол ялна.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Засгийн бүх эрх мэдэл ард түмэнд байна гэж Үндсэн хуульд заасан. Нийгэм, бизнес, төрд шургалсан МАНАН-г унагаах цаг болсон. Өнөөдөр ард түмэн төрийн үйл ажиллагаанд шууд оролцох эрхээ эдэлж байна. Өнгөтэй өөдтэй бүх баялгийг МАНАН бүлэглэл авч, иргэд нь хоосон, газар нь хоосон болох ийм нөхцөл байдал руу явахыг бид хэрхэвч зөвшөөрөхгүй. МАНАН бүлэглэл булхайгаа хууль шүүхийн байгууллагад шургуулан гар, хөлөөрөө дамжуулан нууж байна. Утаа, иргэдийн ядуурал, тэгш бус байдал бүгд М.Энхболдыг Улаанбаатар хотын дарга байхаас нь эхлэлтэй гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: -30 градусын хүйтэнд монголчуудыг ингэж олуулаа цуглахгүй гэж дарга нар бодсон. Гэхдээ бид олуулаа цуглаж чадлаа. Өчигдрийн Монгол, өнөөдрийн Монгол өөр болж байна. Бид М.Энхболд гэдэг хүнтэй муудаад байгаадаа биш, ирэх 25 жилд байх тогтолцоогоо өөрчлөхийн төлөө тэмцэж байна. Идэр есийн хүйтэнд 20 мянгуулаа цуглаж байна. Ард түмний хүч, албан тушаалтны дээр байдаг гэдгийг мэдэх жил байх ёстой. Шинэ 25 жил эхэлсэн байна. Бид одоо Төрийн ордон руу орж, 48 цагийн шаардлагын хариуг авах гэж байна. Хэрэв хариу өгөхгүй бол эсэргүүцлийн хоёр дахь давалгааг орон даяар эхлүүлнэ. Суулт зарлана, цаашлаад тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно.
Энэ үеэр бид тус цуглаанд хүрэлцэн ирсэн иргэдийн зарим төлөөллийн сэтгэгдлийг сонслоо.
“Босоо хөх монгол” ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан “Өнөөдөр их хурлаас шударга дугарч байгаа залуус энэ жагсаалд хүрэлцэн ирсэн явдалд талархаж байна. Энэ арга хэмжээг бид хүчтэй дэмжиж байна. Энэ дэглэмийг Монголын ард түмэн нийтээрээ устгая гэсэн үзэл санаан дор нэгдэж чадлаа. МАНАН дэглэм Монгол Улсад 27 жил ээлжлэн төр барилаа. Мөн монголчуудыг 27 тэрбум долларын өрөнд орууллаа. Эдийн засгийн тусгаар тогтнол үгүй боллоо. Тиймээс энэ тогтолцоог бүрэн өөрчлөх хэрэгтэй” хэмээн хэллээ.
Мөн тус жагсаалын үеэр эмх замбараагүй байдал үүсгэхгүйн тулд төв талбайн дөрвөн талд хашлага барьжээ. Цагдаа, тусгай хүчний байгууллагаас тус жагсаалд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд цуглаанд ирсэн иргэдийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх, галт зэвсэг болон бусад төрлийн металыг биендээ тээж байгаа эсэхийг шалган цуглаанд оролцуулж байгаа аж.
Г.Тэмүүлэн