Тэтгэврээ тогтоолгох иргэд орон нутагт, эвсэл ажиллаж байсан газрууддаа очиж, архивын лавлагаа авах шаардлагагүй болох нь. Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ)-ын дарга Д.Зоригтоос энэ талаар тодрууллаа.
-Ажилласан жилээ баталгаажуулж чадаагүйгээс тэтгэврээ дутуу тогтоолгосон гэж гомдоллох хүн цөөнгүй. НДЕГ-аас эл асуудлыг нааштайгаар шийдэж байгаа гэсэн үү?
-Нийгмийн даатгалын ерөнхий газарт шинээр ажилд орсон зарим албан хаагч мэдлэг, туршлага муугаас болоод иргэдийг чирэгдүүлэх тохиолдол бий. Нөгөөтээгүүр, зарим аймаг, сумын архив устсан байдаг. Ийм тохиолдолд тухайн аймаг, сумд ажиллаж байсан хүмүүс шүүхийн шийдвэрээр тэтгэврээ тогтоолгоно.
Үүнээс гадна хөдөлмөрийн дэвтэрт бичсэн тушаалыг үндэслээд тэтгэвэр тогтоож болдог. Ингэхдээ орон нутаг руу явж лавлагаа авчрах шаардлагатай юм. НДЕГ-ынхан ажлын хэсэг байгуулж, иргэдэд чирэгдэл учруулахгүй байх үүднээс дээрх асуудлыг хэрхэн шийдэхийг судалж эхэлсэн.
1995 онд Нийгмийн даатгалын тухай хуулийг баталж, нийгмийн даатгалын байгууллага одоогийн тогтолцоонд шилжсэн. Үүнээс өмнөх үед ажиллаж байсан хүмүүсийн материалууд улсын болоод нийслэл, орон нутгийн архивт бий. 1995 оноос хойших нь нийгмийн даатгалын байгууллагад байдаг.
2000 оноос хойших материалуудыг цахим программд оруулсан. Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр ирэх жилээс 1995-2000 оны бүх материалыг нэгтгэн, цахим архивтай болно.
-Тэтгэвэр тогтоолгох гэсэн иргэд орон нутаг руу явахаа хэзээнээс болих вэ?
-Энэ чиглэлээр Архивын ерөнхий газартай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ингэснээр иргэд орон нутаг руу явж, архивын лавлагаа авах шаардлагагүй болж, манай ажилтан өмнөөс нь ажиллана. Жишээ нь, иргэн Б тэтгэвэр тогтоолгохын тулд Баян-Өлгий аймгаас зайлшгүй лавлагаа авах шаардлагатай боллоо гэж бодъё.
Тэгвэл тэнд байгаа манай ажилтан лавлагааг авч, тэтгэвэр тогтоох гэж байгаа Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс рүү явуулна. Ийм тогтолцоотой болохоор судалж байна. Ирэх сараас хэрэгжүүлнэ. Ингэснээр иргэдийг чирэгдүүлж, ийш тийш явуулах шаардлагагүй болно.