Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Шаравын Сүрэнжавыг /1939-2018 он/ өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ.
Их найрагчаа сүүлчийн замд нь үдсэн энэ агшинд урлаг соёлын нэрт алдартнууд "Тэнгэрлэг хүү тэнгэртээ буцлаа даа" хэмээн гашуудсан юм. Түүний зохиосон "Тэнгэрийн хүү" шүлгийг толилуулъя.
Тэнгэрийн хүү
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм
Газрын охинтой гэрлэж нарны аяганаас цай уусан
Гашуун дарснаас хиртэж ганихарлын орон дээр хөрвөөж үзсэн
Цагаан цасан дээрээс будрахад хөөцөлдөн эрхэлж
Уулс сандайлан үүлсээс үүлсэд дүүжин хийж нааддаг байсан
Цагийн бороо тэнгэрээс асгарахад хөхрөн баясч
Утас дамжих шиг усан ширхэгээр нь авиран гарч
Оддыг сондор болгон хэлхэж цэцгийн толгойд зүүж өгч явсан
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм
Хурмастын аянгаас гал могой ташуур шүүрэн авч
Бэртэгчний нурууг шалба ороолгон залхааж явсан
Мунхагийн хор шингэсэн хорголжийн хар нүднээс нь
Мугулзуу эвэртэй үхэрт хөллүүлэн бэртэж явсан
Муугийн гайг шившин хөөж бусдад ариуныг урин
Мөлхөж яваа хүүхдийн өвдөг дор цэцгийн дэлбээ ивж явсан
Хүний юу бодож явааг нүднийх нь харцнаас уншдаг байсан
Сэрлийнхээ сувгаар хурмастын өргөөтэй харьцдаг байсан
Сэтгэлийнхээ рашаанаас найраг болгон нэрж хүмүүст амсуулсан
Нэг нь амтархан шимж байхад нөгөө нь аяглан тамшаалж байсан
Аанай бас тургиж ч байсан алинд нь ч би гомдоогүй
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм
Тэнгэр эцгийнхээ зүүрмэглэхийн зуур
Тэрхэн зуурын зүүд болж газар дэлхий дээр ирсэн юм
Сэрэхтэй нь зэрэг би явна
Тэр болтол нь та нартайгаа уулс түшиж туйлс хайлж
Морин толгойтой хууранд тань
Монгол аялгууг хоршин дуулж сууна
Хүмүүс минь ээ
Газрыхан минь ээ
Та нар намайг явахын цагт энэ морин толгойтой хуураа л өгөөрэй
Үүгээр чинь би хурмаст эцгээ уяруулан хайлуулан дуулуулна
Үүлэн тансаг хур болон ивэлж үргэлжид тэгвэл нь та нарыг ивээнэ
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм
Гантиг чулуу минь чи
Ганцхан энэ мөрийг минь
Гайгүй сайн тогтоож аваарай
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм.
Тэрээр 1939 онд Төв аймгийн Авдарбаян сумын нутагт төрж, 1958-1963 онд Монгол Улсын Их сургуулийн Монгол хэл, уран зохиолын ангийг дүүргэсэн билээ.
Түүний “Шөнө ургасан цэцэг”, “Цэргүүд дуулж байна”, “Миний дуулах ертөнц”, “Уулын салхи”, “Ялалт”, “Нутгийн цэнхэр уулс”, “Шүүгээн доторх хот”, “Дуулганд ургасан цэцэг”, “Хөх тэнгэрийн хур”, “Онгодын цагаан хүлэг” яруу найргийн номууд, “Хэрлэнгийн барьяа” роман, “Сарны доорх хорвоо”, “Долгионт жилүүдийн туужис”, “Гарьд магнай”, “Цэц магнай”, “Тод магнай”, “Тусгаар тогтнол аминаас үнэтэй” уран сайхны кино зохиолууд, “Сэрүүн дэнжийн өглөө” жүжиг, Гоож-Нан-аа дуулалт жүжиг, “Аравдахь хавраа үдье”, “Намуун үдэш”, “Миний нутгийн бараа”, “Миний ардын сэтгэл цагаан”, “Итгэлийн дуу”, “Торгон хилийн зүг”, “Сувилагч чамдаа баярлалаа”, “Бүсгүйчүүл”, “Тольтой мөнгөн эмээл”, “Онцгой төрсөн бүсгүй”, “Малчин ааваа магтан дуулъя”, “Хэрвээ би эр хүн бол доо...”, “Миний ном”, “Сайн уу, муу юу, аль нь вэ хө?” дуунууд зэрэг бүтээлүүд нь олон түмэнд танигдсан билээ.
Түүний гавьяа зүтгэлийг төр, засаг өндрөөр үнэлж 1988 онд Төрийн шагнал, 1999 онд Ардын уран зохиолч цол хүртээж, Ардын хувьсгалын болон бусад ойн медалиар тус тус шагнажээ.
Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын ажилч хичээнгүй, нөхөрсөг зан, дундаршгүй авьяас билэг, зарчимч чанар, суут бүтээлүүд, Монголын уран зохиолын төлөөх зүрх сэтгэл нь түмэн олноо үүрд дурсагдах болно.