Уран гулгалтын од Евгения Медведева мөрөөдөл болсон олимпдоо аваргалж чадалгүй мөнгөн медаль хүртсэн. Харин нэг дасгалжуулагчийн удирдлагад хамт бэлтгэл хийдэг Алина Загитова нь 2018 оны Пёнчаны наадмаас алтан медаль хүртсэн билээ. Энэ нь уран гулгалтын ертөнц хоёр хуваагдах гол үндсэн болсон. Медведева багш Тутберизегээсээ явж Канадыг зорин олимпийн хошой аварга Южуру Ханюг төрүүлсэн алдарт дасгалжуулагч Брайан Орсерт шавь орсон юм. Үүнээс болж Медведева болон Тутберизе, Загитовагийн хооронд хагарал үүсч хэвлэлүүд үүнийг нь олон сарын турш дэвэргэсэн. Тэр ч бүү хэл нэгэн цагийн найзууд Медведева, Загитова хоёр бие биендээ дургүй болжээ гэсэн мэдээлэл түгэх болжээ. Үүнийг батлах мэт тэд шинэ улирал эхэлсэн энэ оны 9-р сараас эхлэн өөр хоорондоо нэг ч удаа уулзаагүй юм.
Энэ явдал даамжирсаар Оросын аварга шалгаруулах тэмцээн уран гулгалтын төв цэг болон хувирсан. Гэтэл энэ үеэр олны хүлээгээгүй үйлдлийг Медведева, Загитова хоёр гаргасан нь энэ долоо хоногийн тренд сэдэв болж байна. Улсын аваргын тэмцээнд одгүй наадаж медаль хүртээгүй тэд тэмцээний дараагаар бие биенийхээ зургийг даржээ. Тодруулбал, Загитова хувцас солих өрөөний ойролцоо Медведеватай таарч зургийг нь авч өгөхийг түүнээс хүсчээ. Яг энэ агшинг өөр нэг уран гулгагч Бетина Попова гар утсандаа буулган авч сошиал хуудсандаа нийтэлсэн нь ийнхүү олон нийтийн анхааралд гэрлийн хурдаар хүрэв.