Афганистаны дайн нь орчин цагийн хүн төрөлхтөний өмнө тулгамдаж буй томоохон асуудал болж байгаа бөгөөд хүний эрх болон бүс нутгийн аюулгүй байдалд хүчтэй сөрөг нөлөө үзүүлсээр байна. Энэ хүндхэн нөхцөл байдал нь Хүйтэн дайны үеийн их гүрнүүдийн геополитикийн ашиг сонирхлын тэмцлээс үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, Афганистан нь хүйтэн дайны үеийн хоёр туйлт системийн тэмцлийн гол золиос болсоор 40 орчим жил өнгөрчээ.
1979 онд Афганистаны хаант засаглалыг түлхэн унагасан коммунистуудын эсрэг Мужахед бүлэглэл үүсч, улс төрийн тогтворгүй байдал бий болгосон. Үүний хариуд Зөвлөлт Холбоот улс Афганистанд цэрэг оруулан олон жилийн хүнд ширүүн дайн тулалдааныг эхлүүлсэн байдаг. Тухайн үед Мужахедууд буюу өнөөгийн Талиб болон Аль-кайда зэрэг орчин цагийн хүчирхэг террорист бүлэглэлүүдийг АНУ санхүүжүүлж байсан нь өнөөдөр нууц биш. Энэхүү үйл явдал нь өнөөгийн бидний нэрлээд буй террористуудыг бий болгох томоохон нөхцөл болсон гэхэд хилсдэхгүй. Тухайлбал, тухайн үед Афганистанд тулалдаж байсан Мужахедууд өнөөдөр Исламын улсын нэрийн дор Сири, Иракад тулалдаж байна.
1989 онд Хүйтэн дайн дуусч, дэлхий даяар коммунист дэглэм ганхаж эхлэв. Үүний зэрэгцээ ЗХУ Афганистанаас цэргээ татсанаар Нажибуллахын засгийн газар ямар ч хамгаалалтгүй болов. Гэхдээ Афганистаны эрх баригчид бууж өгөхийг хүссэнгүй, засаглалын системээ хамгаалан олон жилийн турш иргэний дайн хийсний эцэст Талибууд Афганистанд хяналтаа тогтоон Ерөнхийлөгч Нажибуллахыг цаазаар авав.
1996-2001 оны хооронд Афганистанд Талибын дэглэм ноёрхов. Энэ үед АНУ тэргүүтэй барууны улсууд Афганистан дахь хүний эрхийн нөхцөл байдалд анхаарал тавих нь багасаж эхэллээ. Өөрөөр хэлбэл Зөвлөлтийн эсрэг АНУ-ын зэвсэглэж байсан талибууд нь хүний эрх, эрх чөлөөг бүдүүлгээр зөрчин, геноцид явуулж байгааг АНУ огт сонирхсонгүй. Афганистан бүхэлдээ тамын ёроолд унаж, гадаад ертөнцөөс тусгаарлагдсан юм.
Нэгэн цагт Монголын Эзэнт Гүрний цэргүүд тухайн үед одооны Афганистанд үлдэн хоцорсон. 1998 оны наймдугаар сард Хазарууд олноор оршин суух Мазари Шариф хотыг хамгаалан тулалдаж байсан Хазарын зэвсэгт отрядыг ухран гарсаны дараа Талибууд хот руу дайрч энгийн оршин суугч Хазара үндэстнийг онцгойлон, хоморголон хөнөөх үйлдлийг зохион байгуулалттай явуулсан бөгөөд найман мянга орчим Хазарын аминд хүрчээ. Хазаруудын нэг гачлан нь тэд хэний ч дэмжлэгийг авч чаддаггүй бөгөөд орчин үеийн зэр зэвсгээр маш дутмаг байсан юм.
21 дүгээр зуун эхэлж, түүхийн нэгэн хуудас сөхөгдөв. 2001 оны есдүгээр сарын 11-нд Нью-Йорк хотод халдлага болж, дэлхийн нийтээрээ терроризмын хор хөнөөлтэй нүүр тулгарлаа. Үүний дараахан АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш терроризмын эсрэг дайн зарлав. Энэхүү үйл явдал нь Афганистаны энгийн номхон ард иргэдийн хувьд нар мандах шиг л болсон гэхэд хилсдэхгүй. Бүх л улс орон засаглалын системийн төлөө тулалдах биш, хүний эрхийн төлөө терроризмын эсрэг тулалдаж, жихад буюу хэт даврах үзлийг нэн даруй таслан зогсоох ёстойг ухамсарлав.
Есдүгээр сарын 11-ний халдлагыг Аль-Кайда бүлэглэл үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд тус бүлэглэл нь Афганистанд Талибуудын хамт үйл ажиллагаа явуулдаг байна. Үүний үндсэн дээр Америкчуудын хувьд Аль-Кайдаг Талибуудын хамт дарах таатай нөхцөл бүрэлдсэн байлаа. 2001 оны аравдугаар сард АНУ Афганистан дахь байлдааны ажиллагаагаа Умардын Холбооны цэргүүдтэй хамтран эрчимтэй эхлүүлэв. Хоёр сар үргэлжилсэн довтолгооны эцэст 2001 оны арванхоёрдугаар сард Хамид Карзай ерөнхийлөгчтэй, Ардчилсан засаглал бүхий Афганистан улсыг байгуулав. Өнөөдөр Афганистаны албан ёсны Хамид Карзайн Засгийн газар Талибын эсрэг эрчимтэй байлдааны ажиллагаа явуулсан хэвээр байгаа бөгөөд НҮБ-ын энхийг дэмжих зорилго бүхий цэргүүд үүргээ гүйцэтгэсээр байна.
Афганистан дахь нөхцөл байдлыг тус улсын Засгийн газар дангаар шийдвэрлэх боломжгүй нь нэгэнт тодорхой болжээ. Мөн Талибуудын үйлдэж буй хүний эрхийн эсрэг үйл ажиллагаа нь НҮБ-ын дүрэм болон олон улсын эрх зүйн конвенцуудыг шууд зөрчиж байна хэмээн олон улсын хэвлэлүүд бичив. Тухайлбал, сүүлийн арван жилийн хугацаанд Талибууд Афганистан дахь социализмын үеийн бүтээн байгуулалт, үйлдвэр, аж ахуй, түүнээс өмнөх соёлын дурсгалт өвүүд, эртний барилга байгууламж, хөшөө дурсгал зэргийг бүхэлд нь үгүй хийсэн ажээ. Энэ нь хүн төрөлхтөний соёлын өвд шууд халдаж буй хэрэг болно. Үүний зэрэгцээ талибууд хүний эрхийг ихээхэн зөрчин, шашны болон угсаатнаар ялгаварлан гадуурхах үзлийг эрчимтэй дэмжиж, аймаглан устгах бодлого явуулж байв. Олон мянган гэм зэмгүй Хазара, Узбек, Тажик иргэдийг аймаглан устгах буюу геноцид явуулсан гэж барууны хэвлэлүүд болон бусад эх сурвалжууд бичиж байв.