Холимог тулааны “Road FC” холбоонд өрсөлдөж буй Монголын тамирчин М.Нандин-Эрдэнэ ээлжит тулаанаа БНСУ-ын Же Вүнтэй хийлээ. Солонгос эр “Angels fight” тэмцээнд түрүүлсэн “хатуу самар”. Тэмцээний өмнөх бэлтгэлийн үеэр М.Нандин-Эрдэнийн зүүн гар бэртжээ. Улмаар түүнтэй бэртэлтэй тулалдсан ч эхний үед хүнд цохилтоор ялав.
Мэргэжлийн дэвжээнд 2014 оноос хойш хүч сорьж буй тэрбээр одоогоор есөн удаа тулалдаж зургаа ялсан амжилттай. “Road FC” холбооны шилдэг хүнд цохилтын эзэн шагнал хүртсэн тэрбээр энэ жил сая ам.долларын шагналтай тэмцээнд 32 тамирчинтай өрсөлдөхдөө шилдэг наймд шалгарсан.
Өдгөө БНСУ-д эхнэр, хүүхдийн хамт амьдардаг тулаанч маань Гавьяат дасгалжуулагч А.Гантулгын удирдлагад 13 настайдаа сонирхогчийн боксоор хичээллэж эхэлсэн. Өдрөөс өдөрт ур чадвар нь ахисаар хичээллэсэн жилээ “Аваргын гараа”, өсвөрийн УАШТ-д түрүүлж амжилтын салхиа хагалжээ.
69 кг-д өрсөлддөг байсан тэрбээр УАШТ-д өсвөр үе, залуучуудад тус бүр хоёр удаа түрүүлж, насанд хүрэгчдийнхээс хошой алт, мөнгөн медаль хүртсэн амжилттай. Үүний сацуу Азийн АШТ-ий мөнгөн медалиар энгэрээ мялаасан төдийгүй Олон улсын хэмжээний мастер цолтой. Амьдрахын эрхэнд боксоо орхин, сурах зорилгоор БНСУ-ыг таван жилийн өмнө зорьсон юм.