АНУ-ын иргэн, зэвсэгт хүчний хошууч М.Стюарт Улаанбаатар дахь Шангри-Ла зочид буудлын өрөөнд өөрийгөө боомилсон байдалтай нас барсан талаарх мэдээлэл түгсэн бөгөөд уг хэргийг нийлэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна. Тэрээр Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Төрийн департментын хамтын ажиллагааны хүрээнд ажлын шугамаар манай улсад ирээд байжээ.
Уг хэргийн мөрөөр сурвалжилга бэлтгэж нийгмийн өмнө хүлээсэн мэргэжлийн үүргээ гүйцэтгэхээр “Засгийн газрын мэдээ” сонины сэтгүүлч Э.Батцэцэг, фото сэтгүүлч С.Батсайхан нар Шангри-Ла зочид буудалд очсон байна. Гэтэл тус буудлын хамгаалалтын ажилтнууд тэдний эд зүйлийг хураасан төдийгүй биед нь халдсан балмад үйлдэл гаргажээ. Монголын сэтгүүл зүйн салбарынхан болсон явдалд ихэд эмзэглэж буй бөгөөд халдлагад өртсөн сэтгүүлчиддээ онцгой анхаарал тавьж байна. Бид сэтгүүлч Э.Батцэцэгээс болсон явдлын талаар тодруулахад,
“Уг хэргийг сурвалжилахаар манай баг очиход хамгаалалтын ажилчид биднийг болон үйлчлүүлэгчдийн хөдөлгөөнийг хянаж, байцааж байсан. Хамгаалалтын ажилчдад мэдээлэл задруулж болохгүй гэсэн заавар өгчээ гэж ойлгосон. Сурвалжилга авах боломж олгохгүй байгааг бид анзаараад ажиглалтаа машин дотроосоо үргэлжлүүлсэн. Оройны 21 цаг хүртэл хүлээсний эцэст талийгаачийн цогцсыг шүүх эмнэлгийн машин ирж авах үед бид гэрэл зургаар үйл явдлыг баримтжуулсан юм. Гэтэл миний биед нэгжлэг хийж, утсан дээр минь байсан зургийг устгасан. Мөн зурагчны маань гэрэл зургийн аппаратыг хураан авч, хөлийг нь газар хүргэхгүй хоёр талаас нь дамжлан чирээд явсан. Бид хуулийн зөвлөхөөсөө тодруулж, эрхээ хамгаалуулахаар хөөцөлдсөний эцэст зураглаачаа суллууллаа” гэв.
Шангри-Ла зочид буудлын хамгаалагчид сэтгүүлчийн биед халдаж, мэргэжлийн хэрэгслийг нь дур мэдэн булааж авсан нь 1987 онд батлагдсан Чөлөөт хэвлэлийн олон улсын харт, Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах тухай НҮБ-ын 2013 оны тогтоол зэрэг хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулсан олон улсын бүхий л актуудыг зөрчсөн үйлдэл боллоо.
Хэвлэн нийтлэх эрх чөлөө, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулах үйлдэл нь өмнөх Эрүүгийн хуулийн 139 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэгт тооцогддог байсан. Гэвч 2017 оноос мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулиасуг заалтыг хассан нь сэтгүүлчийн биед махбодид хүрч, дураар авирлах явдал гаарах нөхцөл болж байгааг дээрх жишээ тод харууллаа. Тиймээс хэвлэн нийтлэх эрхээ бусдаар зөрчүүлэхгүйн тулд сэтгүүлчид нэгдэж, дээрх жишгийн бусармаг үйлдлүүдийг таслан зогсоохын төлөө дуу хоолой нэг байх болно.