Британийн эрх баригч Консерватив намын дарга, Ерөнхий сайд Тереза Мэй парламент дахь намын гишүүдийнхээ дэмжлэгийг авч, үүрэгт ажлаа үргэлжлүүлэх эрхтэй боллоо. Түүнд итгэл үзүүлж, албан тушаалд нь хэвээр үлдээх, эсэх талаар нууц санал хураалтад оролцсон гишүүдийн 200 нь дэмжиж, 117 нь эсэргүүцсэн тухай тус намын 1922 хорооны тэргүүн Грэм Брейди мэдэгджээ. Тэрбээр намын шинэ удирдагчийг тодорхойлоход гол үүрэг гүйцэтгэж буй, парламентын нэгдлийн тэргүүн юм. Консерватив намын дүрмийн дагуу энэ санал хураалтын дүн бүтэн нэг жилийн хүчинтэй бөгөөд энэ хугацаанд ийм асуудал хөндөгдөхгүй.
Ийнхүү тэрбээр брекситийн талаар хатуу бодлого баримтлахыг эрмэлздэг, өөрийг нь эсэргүүцэгчдийн амыг барьж, Европын Холбооноос улсаа гаргах болзлын талаар парламентаараа дамжуулан хэлэлцээр байгуулах боломжтой боллоо. Британийн улс төрийн тоймчдын мэдээлснээр парламентын гишүүд дэмжсэнийхээ хариуд Т.Мэйгээс 2022 оны сонгуулиар намын даргын албан тушаалд нэрээ дэвшүүлэхгүй байх амлалт авчээ. Тус улсын улс төрийн туршлагаас үзвэл улирч буй Ерөнхий сайд дараагийн сонгууль хүртэл албан тушаалдаа бараг үлддэггүй, түүнийг хугацаанаас өмнө сольдог. Тиймээс ажиглагчдын хэлснээр Т.Мэйг нэн даруй огцруулах уриалга нь Нэгдсэн Вант Улс Европын Холбооноос албан ёсоор өрх тусгаарласны дараа буюу шинэ оны гуравдугаар сарын 29-нөөс хойш гарах гэнэ.