Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг Улаанбаатарын цагаар өчигдөр 21.00 цагт Лондоны шүүхээр хэлэлцэх болсон талаарх мэдээллийг бид албаны эх сурвалжаас авлаа. Шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт болох байсан ч Англи улсад суугаа манай Элчин сайдын яамны хүсэлтээр хойшилсон тухай уржигдрын дугаартаа бид мэдээлсэн билээ.
Тус улсын тусгай албаныхан Б.Хурцыг баривчилсан тухайгаа Интерполын үндэсний товчоогоор дамжуулан албан ёсоор мэдэгдсэн. Гэсэн ч чухам ямар хэрэгт буруутгаж байгаагаа тодорхой дурдаагүй бололтой юм. Эсвэл манайхан ч олонд дэлгэхийг хүсээгүй байж болох талтай. Хуулийг дээдэлдэг тус орны тусгай албад ямар нэг үндэслэл дурдалгүйгээр гадаадын, тэр тусмаа өндөр албан тушаалтныг баривчилсан гэдгээ хэлэхгүй байна гэж баймгүй. Тиймээс Б.Хурцыг баривчилсан асуудал хүмүүст бүрхэг хэвээр байна.
Бидэнд олдсон мэдээллээр Францад цагаачлан амьдарч байсан Д.Энхбатыг манай тусгай албаныхан 2003 онд тус улсаас хулгайлсан хэрэгт түүнийг буруутгаж байгаа нь бараг тодорхой болоод байгаа бололтой. Энэ хэрэгт Францын хууль хяналтын байгууллага Б.Хурцыг буруутай хэмээн Интерполоор эрэн сурвалжилж байсан юм байна. ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж байсан тэрбээр үүнийг мэдээгүй байна гэж лав байхгүй. Тэгэхээр барын аманд өөрөө гүйгээд оччихсон нь хачирхалтай.
Түүнийг оросуудтай ураны орд газрын лиценз наймаалцах асуудлаар Лондонд очсон гэх мэдээлэл ч байгаа юм. Гадаадын тусгай албадын томоохон гүйцэтгэх ажилд өртсөн байх гэж үзэх нэгэн ч байлаа. Английн шүүх Б.Хурцыг буруутгаж байгаа Францын талын үндэслэл баримт нотолгоотой эсэхийг л хэлэлцэх юм. Үүний тулд тэд мөрдөн байцаалт хийх бөгөөд хүн хулгайлахад оролцсон нь батлагдвал Францын талд шилжүүлэх юм байна. Түүнийг Английн тусгай албаныхан баривчилсан нь олон улсын наад захын ёс журмыг зөрчсөн гэж үзэж болохоор.
Адаглаад энэ хүн дипломат халдашгүй эрхтэй, Монгол Улсын дипломат паспорттай явж байсан нь лавтай. Гэтэл олон улсад хүлээн зөв шөөрөгдсөн дипломат ёсыг тус улсын тусгай албаныхан зөрчсөн юм биш үү. Төрийн өндөр алба хаагчийг нь харьд баривчилчихаад байхад манайхан таг дуугүй байгаа нь дээрх үйл явдлаас ч илүү сонирхолтой санагдахгүй байна гэж үү.
Д.ДАГВА