“Лос Анжелес мотор” шоуны үеэр “Rivian” компани уржигдар олныг алмайруулсан R1T хэмээх цахилгаан хөдөлгүүртэй пикап машинаа танилцуулав. “Тесла модел III”-аас хойш гарч байгаа энэ шинэ загварын төмөр хөлгийн хүчин чадал олон нийтийг уулга алдуулсан гэх.
Зай хураагуураа нэг цэнэглээд 640 км буюу Улаанбаатараас Замын-Үүд хүртэлх замыг ажрахгүй туулна гэхээр сайхан сонсогдож байгаа биз. Зай хураагуур нь дотроо 105, 135, 180 кВ/ц гэсэн гурван янз гэнэ. 180 кВ/ц-ийн багтаамжтай зай хураагуураа 110 төг/кВ-оор цэнэглээд гарлаа гэж бодоход 640 км замыг 19 800 төгрөгөөр туулах нь.
Цахилгаан хөдөлгүүр нь дугуй бүртээ байрласан, эргэлтийн хүчин чадал нь 560-1120 Нм буюу тоноглосон “Жи класс”, “Рэнж ровер”-ынхоос хоёр дахин их аж. Өөрөөр хэлбэл, 100 км/цагийн хурдыг ердөө гурван секундэд авах хүчин чадалтай R1T загварын пикап 2020 оноос худалдаанд гарах бөгөөд 60 мянган ам.долларын үнэтэй байх гэнэ.
Харин урьдчилж захиалга өгөхийг хүсвэл 1000 ам.долларыг барьцаа болгон компанийн сайтаар дамжуулан байршуулах аж. Агаарын бохирдолтой хэрхэн тэмцэх учраа олохгүй мунгинаж суугаа манайх шиг оронд туулах чадвар сайтай ийм эко машины хэрэгцээ тун их.
Тийм ч учраас цахилгаан хөдөлгүүртэй автомашиныг гаалийн татвараас чөлөөлөхөөс гадна дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, бүх өдөр замын хөдөлгөөнд оролцуулах зэргээр нийслэлийн ЗДТГ-аас бодлогоор дэмжиж байгаа. Мөн хорт утаа ялгаруулахгүй учраас агаар бохирдуулсны төлбөр төлөхгүй, хавар, намарт тос, масло солих гэж мөнгө үрэхгүй гээд өрхийн төсөвт хэмнэлттэй тул автомашин импортлогч компаниуд үүнийг оруулж ирвэл гүйлгээтэй бараа болох нь дамжиггүй.
Л.Аргамжин