"Бөгжний эзэн" киноны Арагон дүрээрээ Вигго Мортенсенийг дэхийд танигдсан од болжээ
Тэд хөдөө фермд амьдардаг байжээ. Жилийн дөрвөн улирал тэр ферм нь тэсэхийн аргагүй өмхий үнэртэнэ. Учир нь Мортинсоныхон хэдэн үеэрээ гахай тэжээн дараа нь тэднийгээ нядалж, утаад зардаг байлаа. Том, том гахайн өрөөл мах хашаагаар нь дүүрэн өлгөөстэй байх нь Виггогийн бага насны дурсамжууд аж. Тэрбээр багадаа гэрээсээ их оргодог байв. Эцэг эх нь түүнийг ойгоор, гуу жалгаар, тариан талбайгаар гээд хаа сайгүй эрж хайдаг байсан гэдэг. Хэдий ээж нь англиар, аав нь даниар ярьдаг ч бүгд бие биенээ сайн ойлгодог байлаа.
Америк эмэгтэй дани эр хоёрын дундаас гурван хүү төрсний хамгийн том нь Вигго аж. Тиймээс ч эцэг нь түүнд өөрийн үндэсний баатрын Вигго хэмээх содон нэр өгчээ. Нэг л өдөр Вигогийн эцэг гахай тэжээхийг үзэн ядаж, эхнэр гурван хүүгээ аваад Венесуэль руу явжээ. Тэндээсээ удалгүй Аргентинд очсон байна. Чийгтэй сэрүүхэн Данийн хажууд тэсэхийн аргагүй халуун нар шарах Аргентинд Вигго анх удаа гартаа фото зургийн аппарат барьжээ.
Түүнээс хойш тэрбээр зургийн аппаратаас салаагүй юм. Жаалхүү гудамж талбай, хүүхдүүд, авгайчуул, цэргүүд гээд харсан болгоноо хальсан дээр буулгаж байв. Түүнийг арван нэгэн нас хүрдэг жил эцэг эх нь салж буй тухайгаа дуулгав. Энэ эрс шийдвэрийг эх нь гаргасан гэдэг. Ийш тийш хэрэн тэнүүчлэх бүтэлгүй гахайчинтай сайн амьдралыг үзэхгүй нь гэж шийдсэн эх нь гурван хүүхдээ аван ядаж суурин амьдрах байх гэж найдан Америкийг зорьжээ.
Харин Вигго жирийн хүүхэд биш болсон байв. Эцэг эхээ даган даян дэлхийгээр тэнүүчлэн явах үед түүний дотоод сэтгэлд ямар нэгэн өөрчлөлт орж, үе тэнгийнхээ хүүхдүүдтэй адилгүй нэгэн болсон байлаа. Тэрбээр найз ч үгүй бас дайсан ч үгүй байв. Түүний ганц найз зургийн аппарат нь л байлаа. Бас хурц үзүүрлэсэн балын харандаа. Тэр харандаагаар Вигго зураг зурдаг аж. Гэгээн Лоуренсийн Их сургуульд сурч байхдаа Вигго испани уран зохиол судалдаг байсан ч тэр чиглэлээр ажиллах сонирхолгүй байв.
Түүнийг одоо ч испаниар гайхалтай сайхан ярьж бичдэг гэдэг. Эцсийн эцэст тэрбээр өөрийн гарал үүсэл болсон Данид суурьшжээ. Мини хэмээх түүний найз охин жүжигчин болох хүсэлдээ автан Америк орныг зориход Вигго дагаад явахаас өөр аргагүйд хүрсэн аж. Миниг бодвол Вигго Америктай танил байлаа. Хосууд хамтдаа жүжигчний шалгалтанд орсон бөгөөд гоолиг биетэй царайлаг найз охин нь тэнцэж чадаагүй бол Вигго шигшигдэж орхисон байна.
Тэрбээр данийн алдартай зохиолч Карен Бликсены зохиолын хэсэг болох аймшигт алуурчин Жек хүүлэгчийн монологийг уншсан байна. Элсэлтийн комисс бараг гэнэтийн цочиролд орсон гэдэг. Ромеод л тоглож баймаар өндөр царайлаг залуугийн гадаад төрх хүн тарчлаан зовоох донтой аймшигт алуурчны яриа хоёрын эрс тэс ялгаа тэднийг хамгийн түрүүнд гайхшралд оруулсан аж.
Гэнэтийн цочирлоосоо гарсан комиссынхон Виггог оюутнаар элсүүлэх шийдвэр гаргах нь мэдээж шүү дээ. Энэ явдал Мини Вигго хоёрын зам салахад хүргэжээ. Мини загвар өмсөгч болсон бол Вигго урт удаан заримдаа ямар ч ирээдүйгүй мэт санагдах жүжигчний амжилтын эрэлд гарсан аж.
Скандинав тод дүр төрх түүнийг улам тачаангуй болгох аж
. . . Тэр бүсгүй Виггогийн амьдралд шуурга мэт хүчтэй орж иржээ. Асар их хөнөөлтэй далайн хар шуурга шиг. Хар нүд урт сормуустай, үсээ цайруулчихсан, урт ургуулсан хумсаа час улаанаар будчихсан Иксен бүсгүй аймшигтай цыган дууг нэгэн киноны дүрийн шалгаруулалтан дээр дуулж байлаа. Манай Вигго ч мөн дүр олдож магадгүй гэсэн найдвар тээн тэрхүү шалгаруулалтанд ирсэн аж. Румын цагаачдын охин Иксен хөлөөрөө дэвслэн, мөрөө чичигнүүлэн гаран дахь тоо томшгүй олон мөнгөн бугуйвчаараа шажигнуулан бүжиглэн дуулж байв. Бусдад зэрлэг харагдах тэр бүсгүйгээс Вигго нүд салгаж үл чадна. Бас зургийн аппаратаа авчраагүйдээ харамсаад барахгүй байлаа. Энэ бүжиглэж буй содон бүсгүй түүний шилдэг зургуудын нэг болох байсан юм гэж тэр дотроо үглэж байсан гэдэг.
“Хөөе, хэн ээ. Вигго бил үү?” гэж зэрлэг бүсгүй гудамжинд Мортенсены араас дуудаад “Миний дуулахыг сонсмоор байна уу” гэж асуув. Вигго сандарсандаа цаг зав муутай тухай бувтнаж байтал бүсгүй түүний үгийг таслан “Гүйцээ. Орой долоон цагт чамайг хүлээж байя. Битгий хоцроорой. Би хүн хүлээх ёстой дургүй шүү” гэжээ. Гэтэл Вигго зүрхээ догдлуулан байж зэрлэг дуучин бүсгүйг дөчин таван минут хүлээжээ. Тэрбээр бүсгүй өөрийг нь ардын дууны концертонд урих байх гэж бодсон ч эндүүрэл болж оронд нь хотын захад орших тамхины утаанд юм үзэгдэхгүй шахуу болсон бааранд дагуулж очжээ. Бүсгүй тэр бааранд “Х” \икс\ нэртэй панк хамтлагт дуулдаг байв.
Хүүгийн хамт
“Манай хөвгүүдийн өчигдрийн юм нь гарсан байх гэж найдаж байна. Үгүй бол бид цалингаа авч чадалгүй бас л гадаа хонох болно” гээд хөгжилтэй инээх нь бүсгүй гадаа хонохдоо огт айсан шинжгүй байв. Иксен Червенка гэх энэ бүсгүй ер юунаас ч айддаггүй байжээ. Нэг сонин дани залуугаас \Вигго\ жирэмсэн болоод ч тоогоогүй гэдэг. Харин умард зүгийн орнуудын баатарлаг эрсийн гадаад төрхтэй, гайхалтай дотоод соёлтой Вигго цыган бүсгүйн өмнөх эрчүүдээс эрс ялгаатай байлаа.
Урьдны эрчүүдээс төдийгүй эргэн тойрныхоноос нь өөр байв. Вигго найз бүсгүйдээ өөрийнхөө бичсэн шүлгийг дани хэл дээр уншиж Иксен өөрийнхөө шүлгийг румын хэлээр уншиж өгдөг аж. Тэд хүүдээ ердийн Генри гэдэг англи нэр өгчээ. Мөн хуримаа ч элдэв янзын зүйлгүйгээр даруухан хийж. Хуриман дээр Иксены талаас панк рокын хамтрагчид нь байсан бол Виггогын талаас санаандгүй Америкт ирээд байсан үеэл бүсгүй нь оролцсон байна. Сүйт бүсгүйн гадаад төрх, хэл яриа, согтуу панкуудын биеэ авч яваа байдал төлөв даруу дани бүсгүйг цочиролд оруулсан гэдэг. Тэрбээр “Манай Виггод өөр эхнэр хэрэгтэй байсан юм. Харамсмаар юм” гэж үглэсээр хоцорчээ.
Мортегсены зурсан зураг
Гэрлээд удалгүй Иксены хувьд нөхрийх нь бахархал төрүүлдэг байсан зүйлс дургүйг нь хүргэж эхэлжээ. Ялангуяа байгаа мөртөө байхгүй юм шиг биеэ авч явдаг нь бүр ч эгдүүцлийг нь хүргэдэг байв. Иксен өрөөнд орохдоо тэнд нөхөр нь байгааг баттай мэдэж байсан хирнээ тэнд хэн нэгнийг олж хардаггүй байлаа. Мэдээж Вигго сууж л байгаа л даа. Гэсэн ч тэр байхгүй юм шиг Иксенд санагддаг байв. Яг л нүдээ хараастай чигээрээ унтаж байгаа мэт. Бага балчир насны Вигго ойд төөрөн гарах зам хайн уйлан гүйж байгаад харанхуй нүхэнд унаж байна гэж Виггогийн хэдэн жилд удаа дараа зүүдэлдэг нэг зүүд эхэндээ Иксены сонирхлыг татдаг байсан бол дараа нь залхааж эцэст нь дургүйг нь хүргэдэг болов.
Хуучин эхнэр Иксен Цервенкагийн хамт
Дээрээс нь мөнгө төгрөгний гачигдал, байнга уйлах хүүхэд Иксеныг галзууруулах гэж байжээ. Дуучин бүсгүй дуулахгүйгээр, тамхины утаа үнэртсэн бааргүйгээр, бүдүүлэг яриатай панк найзуудгүйгээр амьдарч чадахгүй байв. Вигго Иксен хоёрын гэрлэлт төгсгөл болж байлаа. Салалт Виггогийн хувьд маш хүндээр тусжээ. Өөрийнхөө сэтгэлийн шаналал зүрхний шарх, өшөө хорсол, гомдол цөхөрлийг тэрбээр зурсан зургандаа бас авсан хальсандаа шингээн тайтгарлыг олж байв.
Түүний фото арт
Роберт Манн гэгч орчин үеийн уран зураг судлаач, алдартай үзэсгэлэн зохион байгуулагч эр Виггогийн зургуудыг эрүүгээ илэн гайхширсан байдалтай харж байснаа “Чи зураачийг гадаа хүлээж байна гэв үү” гэж зургуудыг авчирсан хүнээс лавлав. Нэрийг нь хэзээ ч сонсож байгаагүй зураачийн сонирхолтой хэнтэй ч адилгүй, нэг үгээр тайлбарлахын аргагүй бүтээлийг үзээд Манн реп стилээр хувцасласан хар арьстан эр, аль эсвэл үс ноосондоо баригдсан бүхнээс залхсан хиппи, эсвэл тамаас амилан ирсэн аймшигт Квазимода орж ирэх байх гэж бодож байтал цэмцгэр хувцасласан, цайвар үстэй, уйтгартай харцтай залуу орж ирэхэд бүр ч алмайрч орхисон гэдэг. Зураачийн дотоод ертөнц гадаад төрхөөсөө ийм ялгаатай байхыг Манн өмнө нь харж байсангүй. Вигго Мортенсен огт өөр хүн болсон байлаа.
Энэ бол “Бөгжний эзэн” киноны гол жүжигчин Вигго Мортенсены дурлалын түүх байлаа. Вигго Мортенсен одоо ч Холливудын ганц бие бас тун нуугдмал амьдралтай эрчүүдийн нэг билээ. Тэрбээр “Миний уран бүтээлийн баатрууд хайр дурлалын хувьд надаас илүү азтай” гэж хэлсэн удаатай.
Виггогийн найз бүсгүй Ариадна Хилийн хамт