Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн Био дахь цагдаагийн тасгийн ажилтнууд “Малчин” холбоотойгоо хамтран ажиллаж малын хулгайч нарыг илрүүлдэг. Тэд саяхан удаа дараа мал хул гайлж зардаг байсан Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат С.Ганбаатар гэгчийг саатуулжээ.
Тус сумын нэгэн малчин малаа хотлуулахаар гэрийнхээ гадаа авчирч хашилгүй, хоол цайгаа идэхээр орсон байна. Гараад малаа хотлуулж байтал гурван үхэр нь алга болсон байжээ. Ингээд маргааш нь эрэл сурал болсон ч олдоогүй аж. Био-гийн “Малчин” холбооны айлууд түүнээс хойш гурав хоногийн дараа цагдаагийн тасагтаа “Айлын эзгүй пүнзэнд үхэр дуугараад байна” гэх мэдээллийг өгсөн аж.
Энэ дагуу шалгахад өнөөх алга болсон гурван үхэр байжээ. Тэрбээр айлын хотноос үхрийг нь туун эзгүй хашааны пүнзэнд нууж, малчид нь эрэл сурал болсноос хойш хэд хоногийн дараа нядлан хот руу оруулж худалддаг байсан гэнэ. Мөрдөн байцаалтын шатанд нэлээд хэдэн удаагийн үйлдэл нь тодорхой болж байгаа талаар цагдаагийн эх сурвалж мэдээлсэн. Өдгөө түүнийг УМБГ-ын Хулгайн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байгаа аж.
Г.АРИВЖИХ