“Цэрэг гэдэг бол зэрэг гэсэн үг” хэмээн манайхан ярьдаг. Энэ нь шууд утгаараа биш ч армид оны ялгаа гаргах нь байх л үзэгдэл гэдгийг цаагуураа илтгэх шиг болдог. Урьд нь хал ах нар “шинэков”-ууддаа хэд гурван “шанаа өгөх” зэргээр оны ялгаа гаргадаг байв. Харин орчин цагт энэ нь илүү “боловсронгуй” хэлбэрт шилжиж, данс хоорондын гүйлгээгээр хал ах нарын “нударга” дүүд ирдэг болсон гэх.
Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Ахлагчийн сургуулийг өнгөрсөн хавар дүүргэж, цэргийн нэг ангид хуваарилагдсан дүү минь цалингаа аваад яасан нь мэдэгдэхгүй хоёр сар өнгөрөв. Угийн гүргэр, зөрүүд дээрээ армийн нэр сүр, ах нарын ам хэлнээс эмээсэн үү, ганц үг ганхийхгүй яваад байх шинжтэй, тэр. Эгч, дүүгийн хэрэг юу билээ, сүүлдээ ч ёстой үзэж тарж байгаад үнэнийг нь хэлүүллээ. Тэгсэн 2012, 2014 оны төгсөлтийн ах нар мөнөөх хэргийн эзэн, хэнгэргийн дохиур болж таарлаа.
Ажил дээр дөнгөж гараад, амьдралд хөлөө олох гэж яваа хөөрхий ахлагч нараас тэд 14 хоногт цалин буух тоолонд нь ээлж ээлжээрээ 50, 70, 90 мянган төгрөг данс руугаа шилжүүлж авсан байлаа. Дунд нь бас зүгээргүй ээ, 30, 20 мянгаар нь нэхэж, өнөөдүүл нь ч өчиггүй хэлснийг нь биелүүлж байсныг гэрчлэх дансны хуулга наад захын баримт юм. Өнөө жил ангид нь шинээр томилогдож очсон 20 гаруй ахлагчийг рот ротоор нь хэсэгчилсэн “хуваарь” хүртэл гаргачихаад, цалин нь буухыг анаж суудаг гэхээр ах нар аргагүй л тактиктай ажилладаг бололтой.
Энэ тухай ангийн захирагчид нь дуулгатал “Би энд томилогдоод удаагүй байгаа тул ямар асуудал болоод буйг мэдэхгүй явж байхыг үгүйсгэхгүй. Тиймээс ямар хүмүүст хэд хэдэн төгрөг өгсөн баримтаа явуулчихвал зохих арга хэмжээ авна. Одоо цаг үе өөр болсон. Иймэрхүү оны ялгаа гаргасан зохисгүй үйлдэл армид хэрхэвч байж болохгүй” гээд уриалгахан хүлээж авсан. Хүний мууг үзэх сонирхол анхнаасаа бидэнд байгаагүй тул энэ асуудлыг тэгсхийгээд орхив. Харамсалтай нь, оны ялгаанаас улбаатай иймэрхүү зүй бус явдал Монголын захын нэг цэргийн ангид түгээмэл байгаа нь ахлагч нар албанаасаа шантарч, армиас гарах томоохон шалтгаан болдгийг эрх бүхий албан тушаалтан нь өөрөө хүлээн зөвшөөрсөн тул үүнийг бичихэд хүргэлээ.
Манай цэргийн ангийнхны дунд “Ам цангав” гэдэг нууц дохио хүртэл байдгийг дүүгээсээ биш, нэгэн ахлах офицероос сонссон юм. Дээд оны ах нар нь “Ам цангав” гээд өндөр дуугаар хэлэнгүүт шинэхэн ахлагч нар цэргийн ангийнхаа буфет рүү хурдалж, бэлэн хоол, өндөг, ус, ундаа тэргүүтнийг нэр дээрээ бичүүлж, зээлээр авч өгдөг уламжлал нэгэнт тогтсон гэнэ. Ахлагч нараас өөрсдөөс нь огт хамааралгүйгээр цалингаас цалингийн хооронд өрийн данс үүсээд явж байдаг гэсэн үг. Өнгөц харахад энэ нь ялихгүй, аахар шаахар зүйл мэт боловч 500 мянган төгрөгийн цалингаас эхэлж амьдралаа босгохоор мэрийж буй эгэл ардын хүүхдүүдэд хэрхэн нөлөөлдгийг нэг бодоод үзээрэй. Цаашилбал, ямар ч шаардлагагүй үед ахлагч нарыгаа илүү цагаар анги дээр нь “уяж”, нэг даргын ярьсан зүйлийг нөгөөх нь тоть шиг давтан дэмий зогсоодог, амралтын өдөр болгон ямар нэг “ажил” бодож олоод заавал цуглуулдаг гэх зэргээр жинхэнэ утгаар нь залхаан цээрлүүлдгийг хэн хүнгүй мэдэх хойно. Энэ бүхнийг “Юун сүртэй юм. Армид тэр байтугай л дэглэм үйлчилдэг шүү дээ” гээд хайхралгүй яваад байвал юу болох бол.
1993 онд Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийг баталснаас хойш 1997 онд Зэвсэгт хүчнийг мэргэжлийн цэргийн чиг баримжаатай, цомхон, чадварлаг болгон шинэчлэх бодлого гарч, залгамж нь өнөө хэр үргэлжилж буй. Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчинтэй болохын тулд цэргийн ангиудыг ахлагчийн бүрэлдэхүүнээр нөхөн хангах бодлого нь гэвч хаанаа алдагдсан болоод ахлагч хүрэлцээгүй байдгийг мөн л бодох учиртай. Үнэнийг хэлэхэд, өнөөдөр армид ахлагчаар орж буй залуусыг татаж байгаа ганц соронз нь гадаадад энхийг дэмжих болон сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх явдал гэдэгтэй маргах хүн үгүй биз. Хэрэв өнөө цагийн монгол ахлагч, офицерууд энхийг дэмжих ажиллагаанд оролцож, орон сууцны урьдчилгааны ч болов мөнгө хийж ирдэггүй байсан бол ийшээ зүглэх хүн олдохгүй гэдэг үг ортой. Гэвч гадаадад энхийг дэмжих ажиллагаанд явахын тулд танил талгүй ахлагч нар багагүй зовлон бэрхшээл туулж байхад дээрээс татаастай зарим нь харин ажиллагаанаас ажиллагааны хооронд “нүүдэллэж” амьдардаг гэх.
Журмаараа бол армид хоёр жил алба хашиж байж гадаадад энхийг дэмжих болон сахиулах ажиллагаанд явах ёстой юм билээ. Гэтэл “Манай энэ хүнийг наад ээлжиндээ багтаагаатах”, “Тэрний хүнийг заавал оруулаарай” гэх мэт даалгавар-захиасаар ангийн захирагч нарыг дээрээс нь шахаж дарамталсаар томилогдоод жил ч болоогүй “нусгайг” ажиллагаанд явуулдаг үзэгдэл газар авчээ. Өнөөдүүл нь ч явж ирээд, ангийн захирагчаасаа эхлээд дээрээс нь “кранаар” татдаг хүмүүсийнхээ гарыг тусгайлан цайлгадаг ёсон буй. Өөрөөр хэлбэл, ахлагчийг армид нь торгоож, тогтоох бодлого Монголд хэдийнэ алдагдаж, эсрэгээрээ албанаас нь үргээх ажиллагаа нэгэнт биеллээ олж буй талаар энэ салбарынхан гадагшаа зориглон дуугардаггүй л болохоос өвөр зуураа бишгүй ярилцдаг юм билээ.
“Ахлагчийн нөхөн хангалт хүрэлцээгүйн цаад шалтгаан нь өмнөх оныхны дарамт, ангийн захирагч нарын буруутай үйл ажиллагаа, мөн тэдний нийгмийн асуудлыг шийдэхэд анхаардаггүй, орон байрны хангамж үгүйтэй холбоотой. Уг нь арми дахь ёс зүйгүй үйлдлийн талаарх өргөдөл, гомдлоо иргэд БХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт, эсвэл Хүний эрхийн үндэсний комисст мэдүүлээд, шийдүүлэх бүрэн боломжтой. Зэвсэгт хүчний жанжин штабын холбогдох албаны хүмүүст хандсан ч болно. Гэвч манайхан юунаас ч юм эмээгээд энэ тухай гомдол гаргах нь тун цөөн” хэмээн өөр нэг ахлах офицер хэлснийг энд уламжилъя. Үнэндээ “юунаас ч юм эмээдэг” гэсэн үгээ батлах мэт тэр өөрийн нэр, ажил алба, цолоо нуухыг хүссэн билээ. Монголын Зэвсэгт хүчин, цэрэг армид бугшсан “идээ бээр”, ёс бус үйлдлийн талаар хэвлэлүүд хаа нэг дуугарвал “Хэн, хаанаас ямар мэдээлэл гаргачихав” гээд мөчийг нь тоолох холгүй, энэ тэрүүгээр эрэн сурвалжилдаг тул арга ч үгүй биз. Тэглээ гээд тэднээс эмээж, амаа хамхиад суух эрхгүй “үйлтэй” салбар бол дөрөв дэх засаглал.
...Ахлагч нараас өөрсдөөс нь огт хамааралгүйгээр цалингаас цалингийн хооронд өрийн данс үүсээд явж байдаг гэсэн үг. Өнгөц харахад энэ нь ялихгүй, аахар шаахар зүйл мэт боловч 500 мянган төгрөгийн цалингаас эхэлж амьдралаа босгохоор мэрийж буй эгэл ардын хүүхдүүдэд хэрхэн нөлөөлдгийг нэг бодоод үзээрэй. Цаашилбал, ямар ч шаардлагагүй үед ахлагч нарыгаа илүү цагаар анги дээр нь “уяж”, нэг даргын ярьсан зүйлийг нөгөөх нь тоть шиг давтан дэмий зогсоодог, амралтын өдөр болгон ямар нэг “ажил” бодож олоод заавал цуглуулдаг гэх зэргээр жинхэнэ утгаар нь залхаан цээрлүүлдгийг хэн хүнгүй мэдэх хойно...
Сүүлийн арван жилийн хугацаанд баригдсан, төвлөрсөн халаалттай, албан тушаалын орон сууцуудад эгэл жирийн ахлагч, офицерууд амьдрах бус, БХЯ, ЗХЖШ-ын томоохон албан тушаалтан, дарга нар өмнүүр нь орж тухалсныг өнгөрсөн хавар манай сонин тэргүүтэй хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллага хөдөлшгүй баримтаар дэлгэн бичиж байв. Тэр үед “Нээрээ, ингэхэд манай ахлагч нараас хэдэн хувь нь орон сууцтай болсон билээ” хэмээн эргэцүүлэн тунгааж, бодлого зорилтдоо анхаарахын оронд “Армийн нэр хүндэд халдлаа” хэмээн ийш тийш өрвөлзөн үсчиж байсныг мэдэх юм. Уг нь бол мэргэжлийн ахлагч бэлтгэх төрийн бодлогыг бодитоор хэрэгжүүлэх гол хөшүүрэг нь нийгмийн хангамжийн баталгаа буюу орон сууцны асуудлыг нэн тэргүүнд шийдэж өгөх явдал билээ. Гэтэл 2000-аад оны дунд үеэс эхлэн олон орон сууц ашиглалтад оруулсан хэрнээ нь зорилтот бүлэгтээ очоогүй. Тиймээс залуус армид нэр төртэй ажиллах сан гэдэг урам зориг, итгэл үнэмшлээ гээсэн хэрэг. Өдгөө Ахлагчийн сургуульд орж буй залуусын олонх нь “Ямар нэг аргаар бушуухан гадаадад энхийг дэмжих ажиллагаанд явж ирээд армиас холдож, замаа бодох минь” гэсэн сэтгэхүйтэй болсныг дотор нь ажилладаг хүмүүс халаглан ярьж байна.
Ахлагч нарын мэргэжил, ур чадварыг сайжруулахын тулд гадаад хэлний тусгай зориулалтын курс, сургалтад хамруулахад хүртэл “арын хаалга” хэрэгтэй болсон нь энэ салбарын бас нэг завхрал гарцаагүй мөн. Ажлын байрны нөхцөл нь дарамттай, нийгмийн баталгаа нь тодорхойгүй, сурч хөгжих боломж нь хязгаарлагдмал, гадаадад үүрэг гүйцэтгэе гэх нь ээ заавал ямар нэг хахууль шаардлагатай болчихоор хэн энд тэсэж үлдэх билээ дээ. Тэгээд ч одоо цаг үе өөр болсон. Нэг мэдэхэд ахлагч нар бөөндөө “ажил хаяж”, хаалга саваад гарахыг хэн байг гэх вэ.