Байж болох бүхий л тэмцээнд бүтэн жилийн турш орь ганцаар түрүүлсэн Оросын уран гулгалтын шинэ од Евгения Медведева мөрөөдөл болсон олимпдоо аваргалж чадалгүй мөнгөн медаль хүртсэн. Харин нэг дасгалжуулагчийн удирдлагад хамт бэлтгэл хийдэг Алина Загитова нь 2018 оны Пёнчаны наадмаас алтан медаль хүртсэн билээ. Энэ нь уран гулгалтын ертөнц хоёр хуваагдах гол үндсэн болсон. Өдгөө хуучны хамтрагчид хоёр тийш болоод буй.
Медведева багш Тутберизедээ дургүй. Тутберизе ч гэсэн түүнийг үзэхгүй. Байдал ингэж өмнөд, хойд туйл болтлоо доройтох нөхцлийг бүрдүүлсэн хүн нь Этери Тутберизе. Учир нь өмнөх оны болон тэр жилийнхээ хамаг байдаг түрүүг авч олимпод тэргүүлэх нь тодорхой байсан Медведевад тэр өөрөө дэгээ тавьсан юм. Том цол, өндөр чадвартай шавийнхаа программыг боловсруулахдаа хамгийн их оноог авчирдаг элементүүдийг нь гулгалтын төгсгөлд бөөнд нь тавьсан.
Гэтэл 2018 оны өвлөөс л танигдаж эхэлсэн Загитовагийн хөтөлбөрийн хужир тунг жигтэйхэн сайхан тааруулсан байгаа юм. Ингэснээр Загитова олимпийн аварга болж, түүндээ ч итгэж ядан алмайрсан бол Медведева мөнгө дээр бууж нүдэндээ доглон нулимстай гэртээ харьсан. Уран гулгалтын гол онцлог бол хүнд үзүүлбэрүүдийг хөтөлбөртөө жигд байрлуулсан тохиолдолд хамгийн өндөр оноог авдаг. Энэ спорт юуны тулд “уран” гэх нэртэй билээ дээ. Амжилт, нэр хүндийг өөрт нь авчирсан лидер шавийнхаа амжилтыг Тутберизе санаатайгаар дарсан нь эндээс тодорхой харагдана. Үүнээс улбаалан өөр нэг асуудал яригддаг. Ууган шавь Юлия Липницкая нь спортоо яагаад орхив оо, багшаасаа яагаад явав аа? 2014 оны Сочигийн олимпийн аварга охин шүү дээ.
Дээрх бүгдийг дүгнэж цэгнээд Медведева дасгалжуулагчаасаа явах ёстой юм байна гэдэг шийдвэрт хатуу хүрсэн. Тэгэхдээ гадны дасгалжуулагчийг сонгохыг илүүд үзэв. Оросын уран гулгалт хэдий агуу ч гэлээ хэн нэгэн орос багшийн удирдлагад очвол нэр сүртэй Тутберизегийн гарын урт сөргөөр нөлөөлж мэднэ гэж үзэж. Тиймээс ч хаа байсан Канадыг зорин олимпийн хошой аварга Южуру Ханюг төрүүлсэн алдарт дасгалжуулагч Брайан Орсерт шавь орсон юм, өнгөрсөн хавар. Хамгийн сонирхолтой нь, Медведевагийн араас өөр бусад гулгагчид замнасан.
Полина Цурская, Анастасия Тараканова, Дарья Паненкова гэсэн гурвын гурван тамирчин Тутберизегээс явж одсон нь үүссэн асуудлыг улам хүндрүүлсэн. Тэд бүгдээрээ том гулгагч болох ирээдүй охид. Тиймээс ч нөхцөл байдал өнөөдөр улам тэлэн хөгжиж, асуудал илүү өргөн хүрээд яригдах боллоо. Уран гулгалтын том дарга нараас өгсүүлээд нөлөөтэй мэргэжилтнүүд бүгдээрээ “Сурагч Медведевад байж уу, эсвэл багш Тутберизед байна уу” гэсэн ганцхан асуултыг тавин өөр хоорондоо маргаж байна. Энэ хугацаанд дуулианы эзэд өөрсдөө бараг ам нээгээгүй. Гэмгүй байж байгаад хэлмэгдсэн Загитова ч юу хэлэх билээ. 16-хан настай жаахан охин шүү дээ.
Гэхдээ Медведева, Тутберизе хоёр “Би буруугүй” гэсэн санаагаа бол үгийнхээ завсар хэлээд амжсан. Медведева “Дасгалжуулагч олимпод зориудаар дарсан” гэдэг утгыг ойлгуулсан байхад Тутберизе “Тэр Загитовад атаархдаг байсан” гэх санааг дуулгасан билээ. Түүнээс хойш гомдсон, гомдоосон талууд чимээгүй байж байгаад өнгөрөгч амралтын өдөр Москвад халз таарлаа. Оросын шигшээ багийн хяналтын гулгалт дээр яалт ч үгүй учирсан. Үүнийг л уран гулалтын ертөнц хүлээж байлаа. Гэтэл байдал тэдний хүссэнээр өрнөөгүй. Медведеваг гулгах үеэр Тутберизе ордноос гараад явсан бол Тутберизег хэвлэлийн хуралд ороод ирэхэд Медведева хол очоод суучихсан. Үүссэн нөхцөл байдлын талаар ч ам нээгүй. “Тайлбарлахгүй” гээд л явж одоцгоосон.
Харин яг энэ үед Дуглас Хау хэмээх нөхрийн мэдэгдэл бөмбөг тэсэлж орхилоо. Тэрбээр Youtube дэх уран гулгалтын нэгэн теле сувагт ярилцлага өгөхдөө Тутберизе Медведеваг хөөж явуулсан гэх үгийг шууд хэлсэн юм. “2018 оны олимпийн дараа Тутберизе Медведевад хандан “Чи одоо амжилт гаргахгүй. Явж хүүхэд гарга” гэсэн” гэж хэлнээр дуулиан өндрөө авав. Дуглас Хау нь Медведевагийн канад дасгалжуулагч Брайан Орсертай хамтран ажилладаг дасгалжуулагч юм. Мэдээлэлд хамгийн ойр байгаа хүний нэг учир хэлсэн үг нь сенсаац болох нь аргагүй. Дуулианы гол дүрийн тоглогчид амаа нэгэнт нээхгүй байгаа болохоор Медведева, Загитовагийн мөсөн дээрх тулааныг үзэхийг л олон нийт хүсч байна. Хэзээ, хаана, яаж уулзах бол гэсэн таамгийг тал бүрээс дэвшүүлж эхэллээ.
Зарим мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар тэд ирэх сарын эхээр Европт болох улирлын эхний тэмцээнүүдэд учирна гэх. Нөгөө хэсэг нь 10-р сарын 19-ний Америкийн гранприд таарна гэж байна. Сүүлийн магадлал бол өндөр хувьтай. Учир нь Америкийн гранпри Олон улсын холбооны супер тэмцээнүүдийн эхний даваа юм. Түүнд том, жижиггүй бүгд л оролцдог заншилтай. Эсвэл түүнээс хэдхэн хоногийн дараа болох Канадын гранприд таарч мэднэ. Гэхдээ 100 хувийн итгэлтэй байж болох талбар бол 12-р сард зохиогдох Оросын аварга шалгаруулах тэмцээн. Тэндээс медаль хүртэж байж л Медведева, Загитова хоёр улсаа ДАШТ-д төлөөлөх эрхтэй болно шүү дээ. Оролцоно гэдгээ ч Медведева мэдэгдсэн, Оростоо байгаа Загитова ч очиж таараа.