Өндөр хөгжил, олон боломж бүхий төрөлх улсаа орхин харь оронд, тэр дундаа эрс тэс уур амьсгалтай нутагт суурьшина гэдэг асар их зориг билээ. Монголын онцлогт дасан зохицож, учрах бартааг даван туулна гэдэг том шалгуур юм. Тиймээс манай оронд ажиллаж, амьдран буй гадаад хүмүүсийн зарим төлөөллийн талаар энэхүү зурвастаа өгүүлэхийг хичээлээ.
Монголд амьдардаг япончууд цөөхүүлээ ч Улаанбаатарт нутагшсан түүх нь янз бүр. Зарим нь оюутан ахуйгаасаа суурьшсан байхад, нөгөө хэсэг нь албан ажлаар ирээд үлджээ. Тийм эрхмүүд бол ноён Казуо Яширо, хатагтай Ибукуро Томоко. Яширо улсынхаа томоохон компаниудад ажилласан туршлагатай атлаа Монголд ажиллаж, амьдрахаар шийджээ. Олон улсын байгууллагад ажиллаж байсан найз нь манай орны талаар сайхан зүйлсийг олонтаа ярьсан нь түүний шийдвэрт том нөлөөлсөн гэнэ. Эхэндээ хуучин компьютер, нөүтбоок Японоос авчран худалддаг байсан бол удалгүй үндсэн мэргэжил интерьер дизайнерын чиглэлээр ажиллах болжээ. Харин Томокогийн намтар өөр. Тэрбээр монгол залуутай хань ижил болоод 20 гаруй жил болж буй. Васидагийн их сургуульд сурч байхдаа Түүхийн хүрээлэнд дадлагаар ирсэнээр манай оронтой анх танилцав. Монгол дахь гадаадынхнаас ялгаатай нь, 20 жилийн хугацаанд олон чиглэлээр ажиллаж үзсэн гэнэ.
Нэг хэсэг япон хэлний сургалт ажиллуулж байсан бол дараа нь Японоос машин авчирдаг болсон байна. Бүр “Да хүрээ” зах дээр өвлийн хүйтэн, зун халууныг умартан зогсч машинаа өөрөө борлуулдаг байсан гэнэ. Гадаад хүний хувьд аргагүй л хүнд хөдөлмөр. Харин энэ удаад зөгий үржүүлэх бас нэг хүндхэн ажил эрхлэн дулааны улирлын ихэнхийг орон нутагт өнгөрүүлж явна. Гадаад байдал, хэв маягийг нь ажваас монголжуу хэв шинж түүнд байна. Монголоор үнэхээр сайн ярьж байна. Монгол хүний зан чанар, Монгол орны онцлог шинжийг ч гайхалтай сайн мэдэж байна. Монгол нөхөртэй болж, монгол ахуйд олон жил амьдарч байгаа болохоор арга ч үгүй байх. Япондоо очоод арваас илүү хонож чадалгүй буцдаг гэхээр түүнийг “Монголжсон япон бүсгүй” гэж тодорхойлж болмоор.
Эдгээр хүмүүсийн түүхээс харахад яг л бидний туулдаг зам харгуй, давдаг гүвээ давааг өгсөж уруудан явна. Мөн монголчуудын арга барил, Монгол орны ёс уламжлалыг хүндэтгэж ойлгодог нь ярилцан суух хоромд тод ойлгогдсон. Тэр дундаа ард иргэдийн зан заншлын талаар халуун дулаан сэтгэгдэлтэй байдгаа нэг бус удаа онцолж байсан юм. Жишээ нь, Томоко хэлэхдээ “Хэрэв би Япондоо байсан бол нялх хүүхдээ өсгөхийн хажуугаар ажил төрөл эрхэлж чадахгүй байсан байх. Монголчууд нэг нэгэндээ дэм болох хүсэл тэмүүлэлтэй ард түмэн. Манай хамаатан, таньдаг хүмүүс хүүхдийг маань харж өгч, зөөж авахад минь тусалж байсны ачаар би нэгэн зэрэг олон ажлыг амжуулж чадсан шүү” хэмээн монгол-япон хүмүүс хоорондын харилцааны нандин холбооны нэгэн жишээг өгүүлсэн.
Яширо ч гэсэн ийм жишээг хэлж байлаа. Монголчууд цаг барихгүй байх тохиолдол олонтаа гаргахад анхандаа дасч чаддаггүй байж. Харин өөрөө цагаас хоцрохын цагт монголчууд “Зүгээр ээ, зүгээр” гэж уужуу тайвнаар ханддаг нь түүнд нэгийг бодогдуулсан гэнэ. Яширогийн Монголд ирсэн түүхийн нь тухайд, анхны төлөвлөгөөгөөр бол Японоос авчирсан компьютерүүдээ гурван сарын хугацаанд зараад буцах байж. Гэтэл яагаад ч юм үлдэхээр шийджээ. Үлдсэндээ харамсахгүй байна уу? гэж асуухад минь Яширо “Огтхон ч үгүй. Харин ч сэтгэл хангалуун байгаа” гэв.
Түр хугацааны төлөвлөгөөтэй байсан атлаа бүтэн 14 жилийн турш үлдсэн хүнд ингэх нэг том шалтгаан байж таараа. Энэ шалтгааны учиг надад сонирхолтой байгааг тэрбээр мэдсэн бололтой шууд л “Итгэмтгий зан, гэр бүлийн найрсаг харилцаа, уламжлалт арга барил” гэсэн тов тодорхой хариултыг өлгөө. Ялангуяа, гэр бүлийнхээ уур амьсгалыг ямагт тэргүүнд тавьдаг монгол чанар, түүнийхээ сайн сайхны төлөө бүхнээ зориулдаг монгол заншил түүний сэтгэлийг хамгийн их хөдөлгөжээ. Тэгэхээр түүнийг “Монголжсон япон залуу” хэмээн тодорхойлж болох буй за.