Түүхий нүүрсний бизнес эрхлэгчид төв замын хажууд ийн төвхнөжээ
-Нүүрс хэд вэ?
-Багануурын нүүрс 3500 төгрөг. Налайхынх дууссан.
-“Шар шуудайт” хэр борлож байна вэ?
-Давгүй ээ.
-Энд нүүрс зарахыг хориглосон биш бил үү?
-Хэн тэгж байна. Болоогүй шүү дээ. Дараа оны хавраас гэсэн биз дээ.
-Хүмүүс ирж хөөж туухгүй байна уу?
-Үгүй. Одоохондоо хөөгөөгүй л байна.
Сонгинохайрхан дүүргийн VII хороо, иргэдийн мэддэгээр Баянхошууны Цэргийн ангийн автобусны буудлын хажууханд өчигдөр ийм яриа өрнөв. 50 орчим насных болов уу гэмээр эгч нүүрс борлуулагч залуу бид хоёрын яриаг бушуухан дуусгах гэсэн шиг дундуур орж “Тийм юм байхгүй ээ. Бүгд л нүүрс түлж байна. Хориглосон энэ тэр гэдэг нь худлаа” гэж хошуу нэмэв.
Нүүрсний ченж залуу “Хилчин” хотхоны дараагийн буудал дээр байх “Монгол керамик” гэсэн самбарын хажууд жигтэйхэн төвхнөжээ. Амбаар уу, чингэлэг үү гэдэг нь танигдахгүй, гадуур нь хатуу цаасаар бүрсэн том “агуулах” хойно нь байх аж. Тэнд нүүрсээ хадгалдаг бололтой. Тэднийхээс дээш, доош хэд алхаад л түлээ, нүүрсний бизнес эрхлэгчид таарна.
VII хороо баруун хойд талаараа IX, зүүн хойд хэсгээрээ VIII, урдуураа V, VI хороотой залгаа оршдог аж. VIII, IX хороонд ч нүүрсний худалдаачин цөөнгүй таарав. Ялангуяа VIII хорооны нутаг, “Жанцан” дэлгүүрийн ойролцоо түлээ, нүүрсний цэг бүр ч олон байлаа. Зарим нь замын хажууд хашаа татан, нүүрсэн овоолго үүсгэжээ. Их хэмжээгээр нүүрс авах хүмүүст тэндээсээ өгч, савлан зардаг аж. Замын эсрэг талд хэдхэн шуудай түлээ, нүүрс эгнүүлэн тавьж, түүнийхээ хажууд манаач аятай зогсох эгчтэй уулзахад “Ойрд дулаараад борлуулалт муу байна. Гэхдээ яах вэ, өглөө, орой хүмүүс авна аа” гэв.
Дээр дурдсан хороод бол агаарын бохирдлын голомттой бүс. Тиймээс тэнд нүүрс худалдах хориотой. Ирэх оны тавдугаар сараас түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэрийг Засгийн газар гаргасан. Үүнтэй уялдуулан энэ өвөл Баянхошуу бүсэд туршилтын төсөл хэрэгжүүлэхээр болж, түүхий нүүрс хэрэглэхийг хориглоход дээрх хороод багтсан юм.
Туршилтын төсөлд Баянхошуу бүсийн VIII, IX, X, XI, XXIV, XXV, XXVIII гэсэн найман хорооны 26 мянган өрхийг хамруулан, 80 гаруй мянган тонн сайжруулсан түлшээр хангах болсон билээ.
Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ынхан 10 хүрэхгүй хоногийн өмнө “Найман хорооны бүх өрхөд мэдээлэл түгээж, түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон Засгийн газрын шийдвэрийг танилцууллаа. Түүхий нүүрс худалдсан иргэдэд хэсгийн ахлагч нар, мэргэжлийн хяналтын байцаагчид мэдэгдэх хуудас өгч, анхааруулан, хуулийн дагуу арга хэмжээ авч байна. Мэргэжлийн хяналтын байцаагчид ч хүч нэмсээр” хэмээн мэдээлж байв. Гэвч бодит байдалд иргэд түүхий нүүрстэй “нөхөрлөсөн” хэвээр. Мэргэжлийн хяналтын байцаагчид, ажлын хэсгийнхэн тэр хавиар байнга харуулд гарч буй тухай байтугай Засгийн газраас улбаатай дээрх шийдвэрийн талаар зарим иргэн ямар ч мэдээлэлгүй суув.
VII хорооны автобусны буудлын ойролцоох “Ундрах” супермаркетын худалдагч “Зурагтаар л тийм мэдээ сонссон. Манай энд сүртэй хорьж цагдсан зүйл алга. Түлээ, нүүрс борлуулдаг цэгүүд өмнөх жилүүдээс харьцангуй цөөрөөд байгаа нь энэ. Өнгөрсөн жил манай дүүргийн ЗДТГ-аас нэг аян өрнүүлээд, хэд хэдэн айлыг цахилгаан халаагуур, шалны халаалттай болгосон юм. Ийм хэрэгтэй ажил дахин хийгээсэй” хэмээсэн бол Н.Түвшин “Хориглоод нэмэргүй. Түлэхээ байя гэхэд орлох түлш нь хаана байна. Манай энэ хавьд хар мод, түүхий нүүрсний цэг, сайжруулсан түлш худалдаж байгаа газар хэд байна вэ гээд харьцуулаад үз” гэж бухимдангуй өгүүлэв.
Өнгөрсөн баасан гарагт сэвлэг үргээх найрт уригдан, Баянхошуун дахь танилындаа очиход аавынх нь “Портер”-ын тэвш дүүрэн нүүрс хашаандаа буулгасан байв. Тэднийх мөн л агаарын бохирдлын I бүсэд байдаг юм. Харин тэд түүхий нүүрс хориглосныг мэдсээр байж өвлийн бэлтгэлээ базаасан нь тэр аж. Гэрийн эзэн “Хашаанаас ачаад авбал тэр биз. Боломжтой, завтай байгаа дээрээ авчихсан нь дээр” гэж байв. Нийслэлчүүдийг ирэх жил сайжруулсан түлшээр хангах үүрэг хүлээсэн “Тавантолгой түлш” компанийнхан энэ сараас гэр хорооллынхонд бүтээгдэхүүнээ танилцуулан, борлуулж эхэлсэн. Гэвч баянхошууныхан энэ талаар дуулаагүй хэмээн толгой сэгсэрч байна. Харин тэдний өрсөлдөгчид болох түүхий нүүрсний наймаачид Жанцангийн буудлыг зааж өгөв. Гэвч биднийг очиход (өчигдөр 11.50 цагт) тэд лав ажилдаа гараагүй байлаа.
Ингээд Жанцангийн буудал орчимд түүхий нүүрс худалддаг иргэдтэй уулзав. Тэд “Сайжруулсан түлш танилцуулсан. Иргэд нэлээд сонирхож байгаа харагдана лээ. Өөр тийш явсан байх. Бид энэ шийдвэрийг дэмжиж байгаа. Цаг нь болоод, шийдвэр хэрэгжихээр бид тэртэй тэргүй нийлүүлэгчгүй болно. Харин тэр хүртэл саад болохгүй, ажиллуулах хэрэгтэй. Иргэд өөрсдөө сонголтоо хийх эрх нь байна. Туршилтын төслийн талаар үнэхээр мэдээлэл алга. Зарахаа боль, хураа гээд хөөвөл, хүмүүс тэр шийдвэрийг нь дагавал бид ч үг дуугүй л биелүүлэхээс аргагүй” хэмээн бодлоо хуваалцав.
Нийслэлийн агаарын бохирдлын голомт бүхий бүсэд нөхцөл байдал ийм л байна. Ойрын өдрүүдэд дулаахан байгаагаас тэр үү, иргэд ч, холбогдох байгууллагынхан ч утааны улирал айсуйг мартаж орхисон гэлтэй. Уг нь аль наймдугаар сард холбогдох яам, байгууллагын мэргэжилтнүүдтэй уулзахад “Юу юугүй утаа ирэх нь. Бид есдүгээр сарын сүүлч, аравдугаар сарын эх гэхэд туршилтын төслөө эхлүүлнэ” гэж ярьж байсан юм. Гэвч үүнээс хойш хоёр сар өнгөрөхөд байдал бахь байдгаараа. Утаа нэг л үдэш хотыг нөмөрдгийг санаарай.